Хөрөнгийн зах зээлд итгэх итгэлд "цучил" нэмсэн “Нийслэл бонд”

Хөрөнгийн зах зээлд итгэх итгэлд "цучил" нэмсэн “Нийслэл бонд”

385 жилийн түүхт Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын хүн амын 48 хувь амьдардаг, дотоодын нийт бүтээгдэхүүний  64 хувийг бүрдүүлдэг метрополитан хот болжээ. Тиймээс дэлхийн метрополитан хотуудын нэгэн адил 2024 онд анх удаа бонд гаргаж, дэд бүтцийн томоохон төслүүдээ хөдөлгөх шийдвэр гаргалаа. Тодруулбал, 2024.04.29-ний өдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг дотоод зах зээлд үнэт цаас гаргах, Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг гадаад зах зээлд үнэт цаас гаргах тухай асуудлыг танилцуулсан юм. Улмаар Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг үндэслэн үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн байдаг.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024.06.05-ны өдрийн 249 дүгээр тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.05.31-ний өдрийн А/239 тоот тушаалаар Нийслэл бондыг албан ёсоор бүртгэсэн байна. Ингээд 2024.06.25-ны өдөр Хөрөнгийн зах зээл дээр Нийслэл бондын анхны арилжааг хийсэн юм. Энэ талаар Нийслэл бонд дээр андрейтарраар ажилласан “БиДиСек” ҮЦК-н мэргэжилтнээс тодруулахад “Анхдагч зах зээлийн арилжаа 2024 оны 06 сарын 20-ны өдөр нийт 500 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 100’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5’000’000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар 15 хөрөнгө оруулагчийн 16 захиалга ирж амжилттай зохион байгуулагдсан” гэх мэдээллийг өгсөн юм. Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Н.Мандуул хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Хөрөнгийн зах зээл дээр энэхүү арилжаа нэг цагийн дотор дүүрсэн. Энэ нь Монголын хөрөнгийн бирж дээр шинэ бүтээгдэхүүний эрэлт ихтэй байсныг харуулж байна” гэжээ.

Энэхүү шийдвэр нь Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх оновчтой шийдвэр болсон гэдэгтэй эдийн засагчид санал нэг байгаа юм. Учир нь, анх 500 мянган хүний даацтай шавыг нь тавьсан нийслэл хотод өнөөдөр албан бусаар хоёр сая орчим хүн амьдрах болсон. Хүн амын хэт нягтаршлаас болоод өнөөдөр нийслэл хот нийгмийн болон байгалийн олон давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулаад байгааг бид бүхэн мэднэ.  Эрчим хүчний дутагдал, цэвэрлэх байгууламжийн даац хэтрэлт, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн, түгжрэл тэг зогсолтод тулсан гэх мэт олон асуудал бий. Гэтэл нийслэл хот саяхныг хүртэл ганцхан санхүүгийн эх үүсвэртэй байсан юм. Энэ нь мэдээж төсөв.

Харин хотын удирдлагууд эрхзүйн томоохон шинэчлэлийг зоригтой эхлүүлж чадсаны ачаар өнөөдөр нийслэл хот төсвөөс гадна санхүүгийн хувьд хоёр эх үүсвэртэй болсныг Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Н.Мандуул хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Мөн тэрбээр, “Миний бие бонд гаргах ажлыг гардан ажиллаж, өнгөрөгч зургадугаар сард дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг амжилттай арилжаалсан. Үүнийхээ 300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар болсон. Тухайн станц ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хотын Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр 150 мега ваттаар шууд нэмэгдэх юм. Энэ бол бидний хувьд ус агаар шиг хэрэгтэй байгаа маш чухал бөгөөд том ажил” гэсэн байв. Мөн үлдсэн 200 тэрбум төгрөгийн 150 тэрбумыг автозам засварын ажилд, 50 тэрбумыг Цэвэрлэх байгууламжийн нэг хэсэг болох Туул коллекторын бүтээн байгуулалтад оруулж байгаа юм байна.

Гэвч олон нийтийн дунд Нийслэл хот бондын эргэн төлөлтөө тухай бүрт нь төлж чадах эсэхэд эргэлзэх эргэлзээ байгааг нуух юун. Энэ талаар “Би Ди Сек” ҮЦК-н эх сурвалж, Бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжих төсөл, орон нутгийн бодлого, стратегид нийцсэн байдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, хүрэх үр дүн, учирч болзошгүй эрсдэл зэрэг олон хүчин зүйлсийг үндэслэн татан төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээг тогтоодог. Мөн бондын эргэн төлөлт нь Нийслэлийн төсөвт тусгагдсан. Эргэн төлөлтийн хуваарийн тооцооллыг хийж, санал солилцсоны үндсэн дээр хуваарийг боловсруулсан” гэх мэдээллийг өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн бонд нь өгөөжийн муруй гэдэг зах зээл дээрх суурь хүүг тогтоосноороо онцлогтой болжээ. Богино хугацааны эрсдэлгүй хөрөнгө оруулалт 11 хувьтай байдаг бол нийслэлийн бонд гурван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, нэг жилийнх нь 12 хувьтай, хоёр жилийнх нь 13 хувьтай, гурван жилийн хугацаатай 14 хувьтай байгаа аж. Түүнчлэн нийслэл бонд нь богино, дунд, урт хугацааны хүүгийн суурь түвшнийг тогтоосноороо санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, зээлийн хүү буурах, хэвийн хэвшил бүтээгдэхүүнээ гаргаж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг олгож буйгаараа онцлогтой аж.

Тэгвэл дэлхийн томоохон метрополитан хотууд ч манайх шиг бонд босгож нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдвэрлэдэг жишиг бий. Тухайлбал, 1932 онд АНУ-ийн Калифорни мужийн засгийн захиргаа Голдэн Гейт (Golden Gate) гүүрний санхүүжилтийг босгох зорилгоор тухайн үедээ 35 сая ам.долларын үнийн дүн бүхий бонд гаргаж татан төвлөрүүлж байжээ. Хамгийн сүүлд 2020 онд Индонез улсын нийслэл Жакарта хот уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлаар эрчим хүч боловсруулах зорилгоор Green Sukuk бондыг гаргаж, 1.1 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлсэн амжилттай кейсүүдийг дурдаж болох юм.

Эцэст нь хэлэхэд, санхүүгийн салбарын тулгын гурван чулуу гэгддэг банкны систем, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын хөгжил манай улсад тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Тодруулбал, банкны салбар дангаараа 90 хувийг, хөрөнгийн зах зээл 7 хувийг, даатгалын салбар 3 хувийг бүрдүүлдэг билээ.  Энэ “гурван чулуу”-ны хэмжээ эрс ялгаатай байх тусам санхүүгийн зах зээлийн “тулга”-н дахь “гал” бөхнө гэж шинжээчид үздэг. Тэгвэл өнөөдөр Нийслэл хот анх удаа бонд гаргаж, нийгэм эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх алхам хийсэн явдал нь хөрөнгийн зах зээлд итгэх иргэдийн итгэлд цучил нэмж буй явдал юм.