Монгол малаас гардаг "баялаг" үнэгүйдэж, хогийн цэг дээр хаягдах болоод 10-аад жилийн нүүрийг үзлээ. Өөрөөр хэлбэл 2013 онд малын арьс ширний экспортыг зогсоосноос хойш 10 жилийн хугацаанд түүхий эдийн үнэ 8 дахин буурсан нь малчдад санхүүгийн хямрал дагуулж буй. Иймд иргэд өвлийн идшээ бэлтгэж буй энэ цагт малын түүхий эд, арьс, шир үнэгүйдэж, хогийн цэг хаягдаж байгаа талаар хөндөн сурвалжиллаа.
ВИДЕО:
-Х.БАТТУЛГА 2013 ОНД ХХАА-Н САЙД БАЙХДАА МАЛЫН АРЬС, ШИРИЙГ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ БАЙЖЭЭ-
Малын арьс, шир хэзээнээс үнэгүйдэж эхэлсэн талаар сөхөж үзвэл, Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа буюу 2013 оны наймдугаар сарын 26-нд малын арьс, ширийг хилээр гаргахыг хориглосон тогтоол гаргаж, Засгийн газраар батлуулсан байдаг. Тухайн үед Дархан-Уул аймагт малын арьс ширийг боловсруулах түүхий эдийн үйлдвэр байгуулна гэж амалж байв. Үйлдвэр байгуулагдсанаар жилдээ 10 сая тонн арьс шир боловсруулах бололцоо бүрдэх бөгөөд малчид арьс ширээ үндэсний үйлдвэртээ тушаавал бог малд 10 мянга, бод малд 15 мянган төгрөгийн урамшууллыг тус бүр олгоно гэж байжээ. Гэтэл өдгөө арьс, ширний үйлдвэр ашиглалтанд орсон зүйлгүй малчид урамшуулал авах нь байтугай малынхаа түүхий эдийг хогийн цэг дээр хаях нөхцөл байдал үүсээд байна.
“Дарханы арьс, ширний цогцолбор”-ын талаар тодруулбал төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан хэмээн 2023 онд тухайн үеийн ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг мэдээлж байжээ.
Гэвч уг үйлдвэрийн барилгын ажил 40 хувьтай байгаа ч 2021 оноос хойш үйл ажиллагаа нь бүрэн зогсож, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагууд алдагдал хүлээгээд байна. Ийнхүү Х.Баттулгын хэлсэн дотооддоо арьс, шир боловсруулах үйлдвэр барих ажил замхарч, малчид хохироод үлдэв.
-Х.БАТТУЛГЫН ШИЙДВЭР ДӨРВӨН ЗАСГИЙН ГАЗРЫН НҮҮР ҮЗСЭН Ч АЛЬ Ч ЕРӨНХИЙ САЙД ЭСЭРГҮҮЦЭЖ ДУУГАРСАНГҮЙ-
Х.Баттулгыг ХХАА-н сайдаар ажиллаж байхдаа гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газраас дэмжиж баталсан. Тухайн үед Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байж. Харин түүнээс хойш 2014-2016 онд Ч.Сайханбилэг, 2016-2017 онд Ж.Эрдэнэбат, 2017-2021 онд У.Хүрэлсүх, 2021 оноос өнөөг хүртэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Гэтэл Х.Баттулгын энэ шийдвэр дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, өнөөг хүртэл хэрэгжсээр байна. Аль ч сайд энэ талаар ам нээсэнгүй. Эсэргүүцэж дуугарсангүй.
Түүнчлэн Х.Баттулгаас хойш Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, П.Сэргэлэн, Б.Батзориг, Ч.Улаан, З.Мэндсайхан, Х.Болорчулуун нар ХХАА-н сайдаар ажиллаж байсан бөгөөд одоогийн байдлаар Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байгаа ч Х.Баттулгын шийдвэртэй холбогдуулан дорвитой арга хэмжээ авсан сайд байсангүй. Улмаар өнгөрсөн жил 2025 оноос эхлэн малын арьс, ширний экспортыг нээхээр төлөвлөж байна хэмээн мэдээлсэн. Иймд бид өнөөгийн нөхцөл байдлыг сурвалжлахаар Эмээлтийг зорьсон юм.
-30000-80000 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙСАН АРЬС, ШИР ӨНӨӨДӨР 5000-8000 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА-
Өмнө нь эмээлтэд байрлалтай арьс авдаг агуулахууд үргээлж дүүрэн байдаг байсан ч одоо хоосорч, ченж нар ямаанаас бусад малын арьс авахаа больжээ. Өмнө нь 30000-80000 төгрөгөөр хулдалдаалагддаг байсан адуу, үхрийн шир өнөөдрийн байдлаар 5000-8000 төгрөгийн ханштай байгаа ч ихэнх газрууд авахгүй байгаа аж. Харин хонины арьс үнэгүй тул өлөнг нь аваад арьсыг нь хог дээр хаядаг гэнэ. Энэ талаар эмээлт дээр ажилладаг ченж нар, “Арьс шир үнэгүйдээд удаж байна. Хонины арьсыг бүр авахгүй байгаа. Малын арьс, ширийг экспортлохоо больсноос хойш ингэж үнэгүйдсэн. Одоогийн байдлаар ямааны арьсыг л авч байна.
Зүгээр ч хогийн цэг дээр аваачаад хаячихгүй. Бид өөрсдөө мөнгөө төлж, хогийн цэг рүү ачуулдаг. Монголын баялаг хогийн цэг дээр л хаягдаж байна шүү дээ.
Үнэхээр эмгэнэлтэй. Өмнө нь малын арьс шир аваад хашаа маань дүүрэн байдаг байсан бол одоо ямааны арьс л авч байна. Хашаа маань хоосорлоо. Малчид арьс, шир үнэгүйдсэнийг ойлгохгүй. Үнэтэй шахах гэж бидэн рүү дайрна. Бид хааш нь ч гаргаж чадахгүй учраас үнэтэй авах угаасаа боломжгүй шүү дээ” гэсэн юм. Ийнхүү Х.Баттулга гэх хүний тарьсан балгаар малчид хохирч, арьс шир үнэгүйдэж, өдгөө хогийн цэг дээр хаягдах нөхцөл байдал үүсээд байна.