Хөгжлийн банкны хэргээр гурван шатны шүүхээс торгох ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн эрхээс нь чөлөөлөхгүй байгаа нь өдгөө олны анхаарлыг татсан сэдэв болоод буй.
Харин УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар нь "Дээд шүүхээс гаргасан шийдвэртэй танилцаж, гардаж авсан. Тэглээ гээд надад холбогдуулаад байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Үндсэн хуульд "УИХ-ын гишүүн гэж хэн бэ. Хүний сонгох, сонгогдох эрхийн талаар" дурдсан байдаг. "Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс татгалзуулна" гэж заасан байдаг. Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэц тайлбарлана. Түүнээс биш Дээд шүүх, дуртай нэг хуульч, сэтгүүлч ямар нэг өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлах эрх байхгүй" хэмээн тайлбарлаж буй.
Мөн тэрбээр уг асуудалтай холбоотойгоор "ялаа хойшлуулж өгөх" хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргаж, улмаар удахгүй уг хүсэлтээсээ татгалзаад байгаа.
Харин ШШГЕГ-ыг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан атал яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар тус газрын дарга Б.Нандинболор "Дээд шүүхээс Дав.Цогтбаатар гишүүнд холбогдох шийтгэх тогтоол ирүүлэхийг хүлээж байна. Тогтоол ирснээр шийдвэр гүйцэтгэл явагдана" гэх тайлбарыг өгсөн байдаг.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өчигдөр /2025.04.07/ хүргүүлсэн байна.
Товчхондоо, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол ШШГЕГ-т очсон байна.
Тиймээс тус газраас шийдвэр гүйцэтгэл явуулах боломж бүрдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногт Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг УИХ түдгэлзүүлж магадгүй байна.