Нийслэлийн Багануур дүүрэгт өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.28/ зургаан хүн метилийн спиртэд хордож, нэг ирэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүндэвтэр эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13.00 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хороо Эрүүл мэндийн төвд хордлогод орсон байж болзошгүй 2 хүн ирээд 1 иргэн нь нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн юм. Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нас барсан иргэнд хордлогын нөлөөлөл байгаа эсэх, бусад нотлобол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан байна.