Шэнь Миньжуань: Монголчууд Хятадаас худалдан авалт хийгээд 11 хувийн НӨАТ-ын буцаан олголтыг тэр даруйдаа дэлгүүрээсээ авах боломжтой болсон

Шэнь Миньжуань: Монголчууд Хятадаас худалдан авалт хийгээд 11 хувийн НӨАТ-ын буцаан олголтыг тэр даруйдаа дэлгүүрээсээ авах боломжтой болсон

БНХАУ нь татварын буцаан олголтын бодлогоо өөрчилж,  хилээр гарахад нь бус худалдан авалт хийсэн даруйд дэлгүүрээсээ НӨАТ-ын буцаан олголтын 11 хувийг эргүүлэн өгдөг болсон байна. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай ярилцлаа. 

ВИДЕО: 

-ХУВЦАС, ЦАХИЛГААН БАРАА ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫН ЖАГСААЛТАД БАГТСАН-

-Та өөрийн Х хаягтаа “БНХАУ нь татварын буцаан олголтын бодлогоо өөрчилж, хилээр гарах үед нь  олгодог байсан татварын буцаан олголтыг худалдан авалт хийсэн даруйд өгдөг боллоо” гэсэн мэдээллийг хуваалцсан. Энэ бодлогыг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ. НӨАТ-ын хэдэн хувийн буцаан олголтыг өгдөг вэ? 

-Миний болон ЭСЯ-ны сошиал хуудсыг сонирхон үздэг та бүхэнд баярлалаа. Энэ нь шинэ бодлого биш юм. Үнэн хэрэгтээ, хэрэгжүүлж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ удаагийн өөрчлөлтийн нэг давуу тал нь  хилээр гарахыг хүлээлгүйгээр тухайн худалдааны төвөөс бараа бүтээгдэхүүн худалдан авсан даруйдаа буцаан олголтыг авдаг болж байгаа юм.

Нийтлэг бараа бүтээгдэхүүний татварын буцаан олголт 11 хувь байдаг. Жишээлбэл, 1000 юаны бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол тэр даруй тухайн газраасаа 110 юаны буцаан олголтыг авах юм.

Мөн “худалдан авсан даруйд татварыг буцаан олгох” бодлогыг зөвхөн Бээжин, Шанхай, Гуандун зэрэг томоохон хотод хэрэгжүүлж байсан бол одоо улс даяар сурталчилж эхлээд байна. Энэхүү худалдан авалтын таатай нөхцөлд гадаадын жуулчид дуртай байх болно гэдэгт итгэлтэй байна. Хятад улс нь одоогийн байдлаар 38 улсад визгүй, 54 улсад 10 хоног хүртэлх хугацаагаар дамжин өнгөрөхөд визгүй зорчих нөхцөлийг олгоод байна. "China Travel" буюу Хятад аялал дэлхий дахинд улам бүр эрчимтэй хөгжиж байгаа. Өнгөрсөн онд Хятад улс 130 сая гадаадын жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өссөн дүн юм. Бид Монголын найз нөхдөө Хятад улсад сайхан аялж, худалдан авалтдаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүсэж байна.

-Энэхүү бодлогыг монголчууд Хятадын бараа бүтээгдэхүүний үнэ бодитоор буурч байна гэж ойлгож байгаа. Энэ шийдвэр бүх бараа бүтээгдэхүүнд хамаарах уу эсвэл тодорхой нэр төрлийн бараанд үйлчлэх үү?

-Тодорхой нэр заасан дэлгүүр, худалдааны төвөөс тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд татварын буцаан олголт авах боломжтой. Онцгойлон хэлэхэд, хүмүүсийн дуртай хувцас, цахилгаан бараа зэрэг бүтээгдэхүүн татварын буцаан олголтын жагсаалтад багтсан байгаа. Хятадын бараа бүтээгдэхүүний онцлог нь сайн хэрэглээтэй, үзэмжтэй мөртлөө хямд үнэтэй.

-Та үүнийг Хятад, Монголын экспорт, импортод ямар нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа вэ?

-Түрүүнд миний хэлсэнчлэн энэ бол шинэ бодлого биш.  Өнгөрсөн хугацаанд уг бодлого Монголын Хятадаас хийх импортод нөлөөлөөгүй. Одоо уг бодлогын хэрэгжилтийн цар хүрээг өргөтгөсөн ч гэсэн Монголын импортод нөлөөлнө гэж үзэхгүй байна.

Учир нь жуулчдын хувийн хэрэгцээнд хилээр авч гарч болох барааны тоо хэмжээ, төрөл зүйл хязгаартай байдаг. Энэ нь Монголд импортоор орж ирсэн барааг хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ худалдан авч болдогтой адилгүй.

Хоёр талын худалдаанд нөлөөлөх гол хүчин зүйл бол яахын аргагүй тариф буюу гаалийн татвар юм.

-Өнөөдөр Хятадын гаалийн тарифын түвшин 7.3 хувь байна. Энэ нь Хятадын импорт, экспортод ямар нөлөө үзүүлж байна?  

-Хятад улс бол нээлттэй эдийн засагтай орон. Манай улсын дунджаар ногдох гаалийн тариф 7.3 хувь байдаг. Энэ нь хөгжиж буй орнуудын дунджаас ч маш бага гэсэн үг юм. Хятад улс нь улс хоорондын худалдаа харилцан ашигтай байх зарчмыг тууштай дэмжсээр ирсэн. Мөн эдийн засгийн хувьд сул дорой орнуудад тусламж үзүүлэхэд бэлэн байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Хятад улс дипломат харилцаа тогтоосон нэн буурай хөгжилтэй орнуудын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд тэг тарифын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Үүний үр дүнд, тухайн орнуудын Хятад руу чиглэсэн экспортын хэмжээ тухайн сард 18 хувиар нэмэгдсэн.

Хятад улс эдийн засгийн даяаршил болон чөлөөт худалдааг тууштай дэмжиж, олон улс оронтой ялангуяа хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хятад улс Зүүн өмнөд Азийн 10 хөгжиж буй оронтой хамтран АСЕАН-ыг байгуулж, 2010 оноос эхлэн чөлөөт худалдааны зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, хөгжиж байна. АСЕАН сүүлийн таван жил дараалан Хятад улсын хамгийн том худалдааны түнш байлаа.

Энгийнээр хэлэхэд, Хятад улс гаалийн тарифыг бууруулах замаар бусад орны чанартай бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортолж, дотоодын асар том зах зээлийн хэрэгцээг хангах, ард иргэдийн сайхан амьдрах эрмэлзлийг биелүүлэхийг хүсэж байна. Мөн бусад оронтой чөлөөт худалдааны зохицуулалт хийх тохиролцоонд хүрэхэд бэлэн байна. Улс орнуудыг гаалийн тарифаа бууруулж, Хятадын чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлохыг урьж байна. Бид бүхэн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлж, өөрт хэрэгтэйгээ худалдан авч, харилцан үр дүнд хүрэх боломжтой. Хятад улс нээлттэй байдал, хамтран ажиллаж, хамтдаа хожих зарчмыг баримталж ирсний үр дүнд бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх болсон юм.

-АМЕРИК ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЦЭЭЖ БАЙНА-

-Тантай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй байна. АНУ одоо Хятадад 245 хувийн татвар оноож байна. Энэ нь Хятадын эдийн засагт ирээдүйд ямар нөлөөлөл үзүүлнэ гэсэн тооцоолол байгаа вэ. Хүндрэл эхэлсэн  үү? 

- АНУ нь Хятад улсад онцгой өндөр гаалийн тариф тогтоож байгаа нь итгэмээргүй өндөр хэмжээ гэдгийг бид харж байна. Үүнийг Хятад улс хатуу байр суурьтай эсэргүүцэж, мөн хатуу хариу арга хэмжээ авч байна. Үнэндээ ийм өндөр тарифтай нөхцөлд Хятад, Америк хооронд хэвийн худалдаа явуулах боломжгүй болж байна. Энэ нь Хятад улсад  нөлөөлж байгаа хэдий ч бид даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, Хятад Улсын эдийн засаг бол жижиг нуур биш харин уудам тэнгис далай юм. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, үүнээс 400 сая нь дундаж орлоготой. Бид одоогоор экспортын бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ, АНУ-аас гадна дэлхий дахинд өргөн цар хүрээтэй зээл бидэнд бий. Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд 5.4 хувиар өссөн нь төсөөллөөс давсан үзүүлэлт болж энэ оны эдийн засгийн өсөлт 5 хувьтай байх зорилтод хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Мөн анхаарах хэрэгтэй нэг зүйл бол АНУ бүх худалдааны түншүүддээ, мэдээж үүнд Монгол ч багтана, тэгш хэмжээний гэж нэрлэсэн гаалийн тариф оноож байгаа явдал юм. Энэ нь Монголын Америк руу гаргаж байгаа ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт буурах эрсдлийг бий болгож, Монголын талын ашиг сонирхолд хохирол учруулахаар байна.

Нөгөө талаар зарим хүмүүс Хятад улс Америкаас нүүрс, мах импортлохоо больж байгаа нь Монгол Улсын хувьд шинэ боломж нээгдэж, энэ орон зайг нөхөж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ Америкаас эхлэлтэй энэхүү тарифын дайн олон улсын дүрэм, журам, шударга ёс, тэгш байдлыг алдагдуулж байгааг мартаж болохгүй.

Хятадад нэг зүйр үг бий. Энэ нь “Дүрэм журам, стандартгүйгээр юу ч хэлбэрээ олохгүй”. АНУ энэ үйлдлээрээ дэлхийн эдийн засгийг эцээж байна. Дэлхийн худалдааны байгууллагын тайланд дурдсанаар, 2025 онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдаа 1.5 хувиар буурах бөгөөд 2026 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.5 хувиар буурах төлөвтэй байна.

Хятадад бас нэгэн зүйр үг байдаг нь “Шувууны үүрийг хөндөхөд нэг ч бүтэн өндөг үлдэхгүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, үүнээс үүдэн бүгд хохирол амсана. Хамгийн их цохилтод өртөх нь эдийн засгийн хувьд харьцангуй жижиг, эмзэг орнууд байх болно. Тиймээс, бид харилцан туслалцаж, худалдааны тогтолцоог сайтар хамгаалж, энэхүү тогтолцоог унагахгүй байх хэрэгтэй байна. Хятад улс хатуу арга хэмжээ авч байгаа нь зөвхөн өөрийн орны зүй ёсны эрх ашгаа хамгаалахын тулд биш, харин олон улсын дүрэм журам, эмх замбараагүй байдлыг хамгаалахын төлөө юм.

АНУ “Нэн тэргүүнд Америк” гэх зорилгодоо хүрэхийн тулд тарифын дайн эхлүүлж байгаа хэдий ч энэхүү “Америк мөрөөдөл” бодитоор биелэхгүй байж магадгүй. Америкийн маш олон жижиг бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоож, санхүүгийн хямралд өртөж, мухардалд орж байна. Америкийн айл өрх бүрд жилийн 5000 ам.долларын зардал нэмэгдэж байна. Дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.5 хувиар буурахад Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний бууралтын түвшин илүү их нэмэгдэж, 1хувиар буурах магадлалтай байна. Энэ бол бусдыг хохироож, өөрөө ч хождоггүй “тэг нийлбэртэй тоглоом” юм. Тиймээс ч Хятад улс тарифын дайн, худалдааны дайнд ялагч гэж байхгүй гэж үзэж байгаа. Бусад орнууд ч тэр, Америк өөрөө ч тэр ялагч болж чадахгүй.

Монголчуудын маш сайн мэддэг болсон Ши Жиньпин даргын хэлсэн “Ганц цэцэг хавар болдоггүй, цэцэг бүхэн дэлгэрвээс хавар болдог” гэж үг бий. Энэ нь Хятад улсын тууштай баримталдаг харилцан ашигтай хамтран ажиллах, сайн сайхан бүхнийг хуваалцах зарчмын тухай юм. Мөн энэ бол Монгол Улс болон олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хүлээн зөвшөөрдөг хамгийн зөв зам гэдэгт итгэж байна. Хятад улс саяхан ХКН-ын Төв хорооны хөрш орнуудын харилцааны ажлын хурал зохион байгуулж, хурлын дараахан Ши Жиньпин дарга Зүүн өмнөд Азийн гурван оронд айлчлал хийсэн нь Хятад Улс энэхүү тууштай байр сууриа харуулж буй хэрэг юм.

-СҮҮН АМТ АНХИЛСАН, МИНИЙ ИДЭЖ БАЙСАН ХАМГИЙН САЙХАН АМТТАЙ ГҮЗЭЭЛЗГЭНЭ МОНГОЛЫН УУЛАНД УРГАДАГ -

-Манай хоёр улс хамтраад Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын төслийг хэрэгжүүлж байна. Мөн манай улсын Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнд БНХАУ-тай одоо хамтарч ажиллаж байгаа цаашид ажиллахаар төлөвлөсөн төслүүд ч багтсан. Энд таны үүрэг оролцоо өндөр байна гэж би харж байгаа. Энэ талаар та сүүлийн үеийн мэдээлэл хуваалцаач

-Таныг чухал асуулт асууж буйд баярлалаа. Хятад, Монгол улс томоохон төслүүдэд тохиролцоонд хүрээд байна. Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын холболт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүд тун удахгүй эхлэх гэж байна. Энэ төслүүд амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Хятад, Монголын эдийн засаг өндөр түвшинд холбогдсон тул хамтран хийж хэрэгжүүлэх маш олон ажил байна. Эдгээр нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг болно гэдэгт би итгэдэг.  Олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед бид хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч тогтвортой, тодорхой  байдлыг хангахад  хэрэгтэй байна. Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Хятад улсын зүгээс Монгол Улсад маш олон шинэ боломжийг гаргаж өгч харилцан ашигтай хамтран ажиллах болно.

-Та 2023 оны намар манай улсад ирж байсан. Нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Монголын уур амьсгал, монголчуудын зан харилцаанд хэр дасав. Монголчууд танд хэр дотно болж чадсан бэ? 

-Таны асуултад баярлалаа. Би Монгол Улсад томилогдож ирээд нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Улаанбаатар хот Бээжингийн нэгэн адил жилийн дөрвөн улиралтай. Надад энэ нь маш их таалагддаг. Мэдээж хэрэг, өвөл арай урт, илүү хүйтэн байдаг ч энэ бол том асуудал биш, би бүрэн дасан зохицсон. Миний хамгийн дуртай улирал бол зуны эхэн үе.

Энэ үед уул ногоороод, олон өнгийн цэцэгс дэлгэрээд үнэхээр үзэсгэлэнтэй болдог. Би бас уулнаас зэрлэг гүзээлзгэнэ түүж идсэн. Тэгэхэд сүүн амт анхилсан, миний идэж байсан хамгийн сайхан амттай гүзээлзгэнэ байсан. Наадмын хуушуур, Цагаан сарын айраг цагаа идээ гээд бүгдэд нь би дуртай.

Монголын соёл бүгд надад маш их таалагдаж байна. Би Монголд томилогдож ирснээсээ хойш нүүдэлчдийн болон соёлын фистивальд олон удаа оролцсон. Эдгээр нь маш их таалагдсан. Өөрт ногдсон ажил үүргээ сайн биелүүлэх болно. Мэдээж миний үүрэг зөвхөн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжээд зогсохгүй хоёр орны соёл хүмүүнлэгийн харилцан солилцоо, ард түмний сэтгэл зүрхийг ойртуулан гүнзгийрүүлэхэд оршиж байна.Үүгээр дамжуулан та бүхэнд нэгэн зар хүргэе. Хятадын “Нэжa 2” хүүхэлдэйн кино удахгүй Монголд нээлтээ хийх гэж байна. Бид энэ баасан гарагт нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ бол дэлхийн хамгийн өндөр орлого олсон хүүхэлдэйн кино бөгөөд Хятадын домог түүхийг таниулахаас гадна Хятадын дижитал технологийн хурдацтай хөгжлийг харуулах болно. Та бүхнийг энэхүү хүүхэлдэйн киног өргөнөөр хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна.

-Ярилцсанд баярлалаа.