ОХУ-ын Атомын энергийн төрийн корпораци “Росатом” нь манай улсын Дорнод аймаг дахь Мардайн ордод уран хайх, олборлох саналыг албан ёсоор тавьж эхэлжээ.
-ШИНЭ ХАРХОРУМ ОРЧИМД БАГА ХҮЧИН ЧАДАЛТАЙ АЦС БАРИХ ГЭРЭЭГ БАТАЛГААЖУУЛСАН, АЖЛЫН ЯВЦ ХЭРХЭН ӨРНӨЖ БАЙГАА ТАЛААР Ч МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ-
Энэ талаарх мэдээллийг “Мон Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт уламжилж, явцын талаарх мэдээллийг танилцуулсан байна. Энэ нь өчигдөр шийдэгдсэн асуудал биш бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг өнгөрсөн есдүгээр сард манай улсад айлчлах үеэр эхний баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тэгэхээр үүнээс өмнө яригдсан асуудал гэсэн үг. Дээрхээс гадна Шинэ Хархорум орчимд бага хүчин чадалтай АЦС барих гэрээнд хоёр улсын холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан, ажлын явц хэрхэн өрнөж байгаа талаар ч Д.Далайжаргал захирал мэдээлэл өгчээ.
Тэгэхээр оросууд, Францтай зэрэгцэн манай улсад уран хайх, олборлох төслийг хэрэгжүүлэх саналыг тавьсан гэсэн үг. Учир нь Манай улс Францын Орона Майнинг компанитай хамтран Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордод уран олборлох төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, тав орчим тэрбум ам.долларын ашиг олохоор тооцоолж байгаа. Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэнэ гэж буй. Энэ төслийг Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны 2023 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хөндөж, манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн харилцан айлчлалын үеэр баталгаажуулан холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Тэгвэл үүнтэй зэрэгцэн оросууд Хархорин хотод бага оврын атомын цахилгаан станц барих цаашлаад стратегийн ордуудын нэг Мардайд ураны хайгуул хийх, олборлолт хийхээр аль хэдийн ажилдаа орсон нь энэ.
-МАРДАЙ ОРД НЬ 2300 ТОНН УРАНЫ НӨӨЦТЭЙ-
Мардай ураны ордыг анх зөвлөлтийн хайгуулчид илрүүлж, Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг. Уг ордыг ил уурхайн зориулалтаар ашиглаж, уран олборлохоор Эрдэс сууринг байгуулж, гүний усны цооног, өндөр хүчдэлийн шугам татаж, бүр ачаа ачих, буулгах, зөөх зорилгоор ашиглах төмөр зам барихаар төлөвлөж эхэлсэн гэдэг. Эрдэс хот нь цэвэрхэн тун тохилог, тусгай хангамжтай, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, бассейн, эмнэлэг гэх мэт хүний бүхий л хэрэгцээг багтаасан зөвхөн мэргэжлийн болон өндөр албан тушаалтан орох эрхтэй 8-12 мянган хүн суурьших хот болсон гэдэг.
Гэсэн ч ураныг ил уурхайд олборлох нь хүрээлэн буй орчинд нэн хор хөнөөлтэй гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор Мардай голын ил уурхайг 1997 онд хаасан байдаг. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших тус уурхайг 10 сая гаруй рублиэр нарийвчилсан судалгаа хийсэн хайгуулын баг 0.100 агуулгатай 2300 тонн ураны нөөцтэй гэж батлуулжээ. Оросууд энэ удаа ил биш газрын гүнд уусган баяжуулах технологи ашиглан уран олборлоно гэж байгаа аж.
1986-1990 он хүртэл олборлолт явуулж 535 тонн уран олборлосон түүх бий. Уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн ч одоо уг хотоос балгас л үлдсэн. Өнөө үед тус уурхайн үлдэгдэл ил хаягдал овоолго, газрын гүнээс гарсан ус зэрэг нь нуур байдлаар ил байдаг. ОХУ нь манай улсыг гуравдагч хөрштэй хамтран эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд таагүй ханддаг баг ямар нэгэн байдлаар гацааж ирсний тод жишээ нь өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын хэрэгжүүлж эхэлсэн ураны төслийг зогсоосон явдал гэх мэдээлэл байдаг билээ.