Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүхтэй ярилцлаа.
-Юуны өмнө Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцоо ямар түвшинд байгаа талаар яриа эхлүүлье?
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд (ХАБЭМ)-ийн тогтолцоо болоод түүний хэрэгжилт, зохицуулалт манай улсад хангалттай хэмжээнд биш байна. Анх 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н тухай бие даасан хуультай болсон ч үүнээс хойш томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийгдээгүй. Гадаад болон дотоод хүчин зүйлс, техник технологийн дэвшил, үйлдвэржилт жилээс жилд улам боловсронгуй болж өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад хуулиа шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь одоо байгаа хууль, эрх зүйн орчин энэ салбарын тогтолцоо болоод осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг хангалттай хийж чадахгүй байгаа юм. Тухайлбал, үндэсний хэмжээнд ХАБЭМ-ийн чиглэлд үйл ажиллагаа зохион байгуулахад түүнийг санхүүжүүлэх, хяналт тавих механизм, өвчлөл ослыг бүртгэж мэдээлэх зэрэг үйл ажиллагаа маш хангалтгүй. Мөн байгууллагуудын хууль, стандартын хэрэгжилтийг шалгах салбарын мэргэжлийн хяналт сул, мэргэшсэн хүний нөөц дутмаг зэрэг асуудал чухлаар тавигдаж байгаа.
Аж ахуйн нэгж, байгууллага бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан нэгж эсвэл мэргэжилтэн байх шаардлагатай. Өнөөдөр зарим байгууллагуудад 7-14 хоногийн ХАБЭА-н сургалтад суусан мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Мөн цөөнгүй байгууллагад уг асуудлыг хариуцсан ажилтан байхгүй байна.
Түүнчлэн байгууллагууд ХАБЭА-н чиглэлд тодорхой хэмжээний төсөв суулгаж байгаа ч буруу зарцуулдаг. Жишээлбэл, хор саармагжуулах бүтээгдэхүүн, ургамлын хандтай ундаа зэргийг ажилчдадаа өгдөг. Бодит байдал дээр эдгээр бүтээгдэхүүн өвчин үүсгэгч тоос, хортой бодисыг саармагжуулж чадахгүй шүү дээ. Хувийн хамгаалах хувцас хэрэгслээ буруу сонгох, эрүүл мэндийн үзлэгээ зөв төлөвлөдөггүй, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг, ажил олгогчид ХАБЭА-н сургалтад хамрагддаггүй, мэдлэг, мэдээлэл дутмаг гээд тоочоод байвал өөрчлөх зүйл их бий.
-ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ХАРИУЦСАН МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ НӨӨЦ ДУТАГДАЛТАЙ БАЙНА-
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал дэлхий нийтэд хаашаа чиглэж байна вэ?
-Дэлхий нийтэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал гурван түвшинд хуваагдаж байна. Нэгдүгээрт, Европын Холбооны улсууд, Австрали, Америк, Япон, Солонгос зэрэг хууль эрх зүй, эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орнууд багтаж байна. Эдгээр улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бие даасан хуультай, хуулийн хэрэгжилтээ хариуцсан мэргэжлийн агентлагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай байдаг. Түүнчлэн мэргэшсэн хүний нөөц нь хангалттай хэмжээнд байна. Үүгээр зогсохгүй мэргэжлийн холбоод нь хүний нөөцөө чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн ХАБЭМ-ийн аливаа үйл ажиллагаанд Засгийн газар нь өндөр төсөв суулгаж өгдөг. Үйлдвэрлэлийн ослын даатгалын систем нь ч сайн хөгжсөн байдаг.
Дараагаар нь манайхтай төстэй дундаж түвшний улсууд орж байна. Тухайлбал Казахстан, Киргиз, Малайз, Тайланд болон Зүүн Европын зарим улс орнууд багтдаг. Энэ бүлэгт багтаж буй улсуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Гэсэн хэдий ч өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хууль, эрх зүйгээ сайжруулах хэрэгцээ, шаардлага байна. Мэргэжлийн хүний нөөцийн дутагдалтай, төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн нийгэмлэг, холбоодын чадавх сул, үйлдвэрлэлийн ослын даатгалын системийн зохицуулалт тааруу, урьдчилан сэргийлэхэд зарцуулах төсөв хангалтгүй. Ажилчдын дунд гарч байгаа мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, ослыг бүртгэх бүртгэлийн тогтолцоо муу хөгжсөн.
ХАБЭМ-ийн чиглэлд үйл ажиллагаа зохион байгуулахад түүнийг санхүүжүүлэх, хяналт тавих механизм, өвчлөл ослыг бүртгэж мэдээлэх зэрэг үйл ажиллагаа маш хангалтгүй.
Сүүлийн бүлэгт ХАБЭМ-ийн хууль, эрх зүйн орчин, тогтолцоо бүрдээгүй Африкийн зарим нэг улсууд, Азийн шинээр хөгжиж байгаа Лаос, Камбож багтаж байна. Эдгээр улс оронд энэ салбарын хууль эрх зүйн асуудал шинээр тавигдаж байгаа юм.
-ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНД ГЭХ ОЙЛГОЛТ АЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ БҮХ ХҮНД ХАМААРАЛТАЙ-
-Нийтийн дунд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголт ямар байна вэ? Зөвхөн үйлдвэрлэл, уурхай, барилга зэрэг хүнд салбарт мөрдөгддөг үү, эсвэл хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрд хамааралтай ойлголт уу?
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд гэх ойлголт нь ажил, хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд хамааралтай асуудал юм. Тухайлбал, оффист ажилладаг хүмүүс үйлдвэрийн ажилтнууд шиг дуу шуугиан, тоос, хортой бодисын нөлөөлөлд өртдөггүй ч урт хугацаагаар сууж ажилласны улмаас нурууны нугаламд ачаалал авч, гэмтэх эрсдэлтэй. Түүнчлэн илүү цагаар ажиллах, ажлын ачааллаас шалтгаалсан стресс зэрэг нь ажилтны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай байдаг. Үйлдвэрлэлийн орчны эмх цэгц, тоног төхөөрөмж, ашиглаж байгаа түүхий эд, ажлын байрны аюулгүй байдлын асуудлууд хангагдаагүйтэй холбоотой тээглэж унах, бүдрэх, өөрийгөө болон бусдыг гэмтээх зэрэг эрсдэлүүд бий. Тэгэхээр бүх төрлийн ажлын байран дээр байгаа ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд гэж энгийнээр тайлбарлаж болно. Энэ нь дотроо хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн анагаах ухааны асуудал гэж ангилагддаг. Ерөнхийдөө гурван дэд салбартай гэсэн үг.
Урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд гэж энгийнээр тайлбарлаж болно.
Хөдөлмөрийн эрүүл ахуй нь ажлын байран дээр ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хортой бодис, хими, физик, биологийн хүчин зүйлүүдийг хэлнэ. Тухайлбал мөөгөнцөр, бактери, вирус зэрэг нь энэ ойлголтод хамааралтай. Харин эдгээрийн нөлөөллийг хэмжиж, үнэлээд урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа гэдэг. Мөн олон жил тоос, хортой бодистой ажилласан хүмүүст ажил, мэргэжилтэй холбоотой өвчин үүсэж байна уу гэдгийг жил бүр эрүүл мэндийн хугацаат үзлэгээр илрүүлэг хийдэг. Түүн дээр үндэслэн хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг нь хөдөлмөрийн анагаах ухааны салбар юм. Энэ бол цэвэр эмнэлгийн үйл ажиллагаа болчихоод байгаа. Ажлын байрны аюулгүй байдал, орох гарах орц, шатны аюулгүй байдлыг хангах, цахилгааны аюулгүй байдлыг хангах зэрэг хүний амь нас, эрүүл мэндэд богино хугацаанд эрсдэл учруулж болзошгүй хүчин зүйлээс сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэж нэрлэдэг.
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гэх ойлголтыг тодруулбал?
-Хүний эрүүл мэндэд хортой нөхцөлд удаан хугацаагаар ажилласны улмаас үүссэн өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж нэрлэдэг. Тухайлбал, насаараа шуугиантай орчинд ажилласан хүний чих дүлийрэх, тоостой газар ажилласан хүн уушги болон гуурсан хоолой, амьсгалын замын өвчинтэй болох зэргийг хэлдэг. Мэргэжлээс шалтгаалсан өвчин хэзээ ч эдгэдэггүй. Буцааж сэргээх магадлал маш бага. Гэхдээ 100 хувь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойгоороо онцлог. Харин ажлын байрны аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэм хэмжээ, стандарт зөрчигдсөний улмаас ажилтан осолд өртөх, амь нас эрсдэх тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэдэг.
-ХАБЭМ-ийн асуудал аль салбарт хамгийн ихээр хөндөгдөж байна вэ. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил, ослын тоо өсөх хандлагатай байна уу, эсвэл буурч байна уу?
-Мэргэжлээс шалтгаалсан өвчин богино хугацаанд бий болдоггүй. Олон жилийн турш эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй орчинд ажилласны үр дагавар юм. Манай улсад 1972 оноос хойш мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр 10,400 гаруй хүн өвдөж, хөдөлмөрийн чадвараа алдсан. Энэ асуудал уул уурхайн салбарт хамгийн их хөндөгддөг. Нийт мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн хүмүүсийн 70 гаруй хувь нь уул уурхайн салбарынх байна. Түүний дараа эрчим хүчний салбарын ажилчид мэргэжлээс шалтгаалах өвчинд их өртөж байгаа юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд мэргэжлээс шалтгаалах өвчний тоо мэдэгдэхүйц нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 10 орчим жилийн өмнө жилд дунджаар 27-28 шинэ тохиолдол бүртгэгддэг байсан бол сүүлийн 3 жилийн байдлаар энэ тоо дунджаар 75-д хүрсэн. Тэгвэл 2024 онд нийт 86 мэргэжлээс шалтгаалах өвчин бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдол нь эрүүл мэндийн үзлэгээр онош батлагдаж, хөдөлмөрийн чадвар алдалтыг албан ёсоор магадлуулсан, тэтгэвэр тогтоолгосон иргэдийн мэдээлэлд үндэслэж гаргасан үзүүлэлт. Харин албан бус салбарт ажил эрхэлж буй иргэдийн, тухайлбал гэрээр үйлдвэрлэл эрхлэгчид, бичил уурхайд ашигт малтмал олборлож буй хүмүүс, жижиг, дунд үйлдвэрийн ажилчдын дунд тохиолдож буй мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүд албан ёсоор бүртгэгдэхгүй, тоон статистикт тусгагдахгүй байгаа. Тэгэхээр энэ бол ердөө мөсөн уулын орой. Үүний цаана бүртгэгдээгүй олон хүмүүс бий. ДЭМБ-аас 2023 онд “Ажилчдын эрүүл мэндийн дэлхий дахины шалгуур үзүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл гаргасан. Тус өгүүлэлд улс орнуудын мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрсдэлээр нь үнэлсэн. Гэтэл манай улс хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд хамааралтай байсан. 2023 онд 400 гаруй үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн нь өнгөрсөн онд 809 болж хоёр дахин өссөн байна. Энэ нь нэг талдаа үйлдвэрлэлийн ослын бүртгэл сайжирсантай холбоотой ч нөгөө талдаа ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал алдагдаж байгааг харуулж буй юм.
-МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ АМЬ НАС ЭРСЭДСЭН ОСЛЫН ТОО БУСАД УЛС ОРНУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД 9.4 ДАХИН ИХ БАЙНА-
-Албан бус салбарт ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах шаардлагатай вэ?
Албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс сайн дурын нийгмийн даатгал төлөх боломжтой. Үйлдвэрлэлийн осолд орох, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн тохиолдолд нийгмийн даатгалаас мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоож өгдөг. Мөн сэргээн засах эмчилгээний төлбөр ч даатгалын сангаас гардаг. Сайн дурын даатгал төлснөөр албан салбарын ажилтнуудтай адилхан нийгмийн даатгалын дээрх үйлчилгээг авах боломж бий. Иймд даатгалын систем маш чухал юм. Гэхдээ албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ХАБЭМ ийн тогтолцоонд ямар үүрэг, эрхтэй оролцох талаар хуульд тодорхой зааж өгөөгүй. Тиймээс хуульд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ХАБЭМ-ийн чиг үүргийг тодорхой болгох шаардлага байна. Мөн үндэсний түвшинд олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг таниулах ажлыг нэлээн өргөн хүрээтэй хийх хэрэгтэй.
ХАБЭМ-ийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагыг ямар үзүүлэлт, судалгаанд үндэслэж тодорхойлсон бэ? Одоогийн мөрдөж буй тогтолцоонд тулгарч буй гол хүндрэл, сул талуудыг дурдвал?
-2021 онд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгаалал (ГБХНХ)-ын сайдын тушаалаар ХАБЭМ-ийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулсан. Гэвч өнгөрсөн 2024 оны байдлаар уг төлөвлөгөөний хэрэгжилт маш хангалтгүй байсан. Мөн 2023 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ХАБЭМ-ийн 187 дугаар конвенцид Монгол Улсын хууль тогтоомж хэр нийцэж байгааг судалсан. Судалгааны үр дүнгээс харахад олон улсад мөрдөж байгаа нийтлэг хэм хэмжээнд хүрэхийн тулд мөн л хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, албан бус салбарын ХАБЭМ-ийн асуудлыг анхаарах шаардлагатай зэрэг дүгнэлт гарсан.
Түүнчлэн Монгол Улсад хүний амь нас эрсэдсэн ослын тоо бусад улс орнуудтай харьцуулахад 9.4 дахин их байна.
Энэ үзүүлэлт ХАБЭМ-ийн тогтолцоог зайлшгүй шинэчлэх шаардлагатайг илэрхийлнэ. Хэдийгээр бид хуультай ч, осол өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо муу байна. Хөдөлмөрийн чадвараа алдсаны дараа тэтгэвэр өгөх биш, түүнээс сэргийлэхэд л бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тодорхой ахиц дэвшил гарсаар ирснийг үгүйсгэж болохгүй. Аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБЭМ-ийн асуудал хариуцсан нэгжтэй, ажилтантай болсон. Энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд ч нэмэгдсэн. Гэсэн хэдий ч улам нэмэгдүүлэх хэрэгцээ бий. Жил бүр тийм тооны хүн осолд өртлөө, өвдлөө гэдгийн цаана хүний амьдралын чанар алдагдаж байна. Эрүүл 80 наслах, өвчтэй 80 наслах гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Тухайн хүний гэр бүл, ойр дотны хүмүүст ч хүндрэл, ачаалал үүсдэг. АШУҮИС-ийн эрдэмтдийн хийсэн судалгаанд мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүмүүсийн дундаж наслалт нь энгийн хүнээс 7-8 насаар богино байгааг дурдсан. Энэ бол маш харамсалтай үзүүлэлт. Түүнчлэн улсын эдийн засагт ч мөн сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлох байна. ХАБЭМ-ийн хуульд төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж, чиг үүргүүдийг тодорхойлсон байх хэрэгтэй. Гэтэл эдгээрийг оролцуулаагүй учраас тогтолцоо явцуу, үр нөлөө бага байна.
-ХАБЭМ-ийн тогтолцоог шинэчлэх гол зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүн юу вэ?
-ХАБЭМ-ийн тогтолцооны шинэчлэл 2025-2028 оны хооронд 3 үе шаттайгаар хэрэгжинэ. 2025 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчилж, шинэ үндэсний тогтолцоотой болно. ГБХНХЯ-наас хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдсан, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. 2026 онд хуулийн шинэчлэлийн хүрээнд тодорхой дүрэм, журмууд батлагдаж асуудал хариуцсан байгууллагуудын чиг үүрэг илүү тодорхой болно. Түүнчлэн тогтолцооны бүтэц өөрчлөгдөж, үр нөлөө нь сайжирна гэж харж байна. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулах нөхцөл бүрдэх юм. 2027-2028 оны хооронд шинэ эрх зүйн зохицуулалтын дагуу ажилласны үр дүн мэдэгдэхүйц хэмжээнд гарна. Тухайлбал, мэргэжлээс шалтгаалах өвчний бүртгэл мэдээлэл сайжирна. Эхэн үедээ осол, өвчлөлийн тоо нэмэгдэнэ гэсэн таамаглалтай байна. Учир нь өмнө бүртгэдэггүй байсан тохиолдлууд ил болж эхэлснээр тоо өснө. Харин урт хугацаандаа шинэ тогтолцооны үр нөлөөгөөр аажмаар буурна гэж үзэж байгаа. Зорилгын хувьд хөдөлмөр эрхэлж буй иргэн, ажилтны амь нас аюулгүй байдлыг хамгаалах, төрийн бодлого зарчмыг хэрэгжүүлэх, үр нөлөөтэй нийгмийн түншлэл бүхий ХАБЭМ-ийн Үндэсний тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх юм. Харин эдгээр ажлууд бодитой хэрэгжиж байгаа эсэхийг гол шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэнэ. Тухайлбал, эхний зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн шинэчилсэн найруулгын төслөө УИХ-аар батлуулсан эсэх, хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад гарч ирэх дүрэм журмаа боловсруулсан эсэх, стандартаа боловсруулж, батлуулсан зэргийг үнэлж, бодит ажил хэрэг болгоход анхаарна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослын тоо хэмжээг бууруулах, эрт оношлоод хөдөлмөрийн чадвараа алдахаас сэргийлсэн өвчний тоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үр дүнтэй зарцуулж байгаа санхүүжилтийн төсөв зэрэг шалгуур үзүүлэлтийг тогтолцооны шинэчлэлийн үр дүнд үнэлэх юм. Мөн хуулийн шинэчлэлд ААН-үүдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр одоо зарцуулж байгаа төсвийг илүү үр ашигтай болгох тал дээр анхаарна. Ажилтан осолд ороход тухайн ажил олгогч бүх зардлыг гаргадаг. Энэ байдлыг халж даатгалаас нөхөн олгох байдлаар зохицуулахаар төлөвлөж байна. Ингэснээр осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй, хүн төвтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно.Тогтолцооны шинэчлэлээр 3 бүлэг, 6 зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Дэвшүүлсэн зорилтуудаас дурдвал:
- Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
- Тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлж, цахим шилжилтийг хэрэгжүүлэх,
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэг оношилгоог сайжруулах,
- Эрдэм шинжилгээ судалгаа статистикийг хөгжүүлэх,
- Хүний нөөц болоод мэргэжлийн сургалтуудыг дэмжих,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог сайжруулах
-Цахим шилжилтийг онцолж байсан. Ач холбогдол нь юу вэ?
-Мэдээллийн технологи, цахим шилжилтгүйгээр тогтолцооны шинэчлэлийг төсөөлшгүй. ХАБЭМ ийн цахим удирдлагын системийг нэвтрүүлэхээр хуулийн төсөлдөө тусгасан байгаа. Өндөр эрсдэлтэй байгууллагуудыг энэ системд холбоно. Ингэснээр эрсдэлийн үнэлгээ, нөхцөлийн үнэлгээ, ажилчдадаа хувийн хамгаалах хувцас хэрэгсэл олгосон байдал гэх мэт бүх мэдээлэл бүртгэгдэнэ. Эдгээр дата мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт хийдэг байгууллагууд ашиглах боломж бүрдэнэ. Мөн хуулийн дагуу үүргээ биелүүлэхгүй, стандартаа мөрдөхгүй байгаа ААН-үүдийг цахим системээс ялгаж харах боломжтой. Эхний ээлжинд тэдгээр байгууллагууд руу сануулга явуулна. Тэгсэн ч хэрэгжүүлэхгүй бол байцаагч очиж ажилладаг үйл ажиллагаа руу шилжинэ. Тэгэхээр төрийн хяналт шалгалт маш түргэн шуурхай хийгдэх боломжтой болно. Мөн байгууллагууд ХАБЭМ-ийн ослын даатгалын шимтгэл төлнө. Ослын эрсдэл өндөр байвал өндөр шимтгэл, бага бол бага шимтгэл төлөх байдлаар зохицуулна. Мэдээж ослын эрсдэлээ бууруулаад явбал төлөх шимтгэл дагаад багасна.
-ХУУЛИЙН ДАГУУ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ, СТАНДАРТАА МӨРДӨХГҮЙ БАЙГАА ААН-ҮҮДИЙГ ЦАХИМ СИСТЕМЭЭС ЯЛГАХ ХАРАХ БОЛОМЖТОЙ-
-Шинэчлэлийн хүрээнд одоогоор хэрэг жүүлсэн бодитой ажил бий юу?
-Монгол Улсад ХАБЭМ-ийн 156 стандарт байдаг. Эдгээр стандартад эрдэмтэд, мэргэжилтнүүд үнэлгээ хийж, хуучирсан стандартыг шинэчлэх, хэрэгцээгүй стандартыг хүчингүй болгох, шинээр стандарт нэвтрүүлэх ажлууд хийгдсэн байна. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний 51 хувь нь ажлын байран дахь тоостой холбоотой нь тогтоогдсон. Тоостой холбоотой ажилчдын эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалтыг баталсан. Энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Манай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв тогтолцооны шинэчлэлтэй холбоотой бүтэц, зохион байгуулалт, чиг үүргээ шинэчилж, тэр дагуу ажиллаж эхэлсэн. Мөн манай төв ХАБЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн тоогоо нэмж байгаа. Түүнчлэн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх шинэ тасгийн барилгын ажил дууссан. Энэ оны 5-6 сарын хооронд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх, судалгаа хийх, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтад ашиглах зорилготой Хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лаборатори Монголд анх удаа байгуулагдаж байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн хүчин чадлыг сайжруулах, сэргээн засах эмчилгээний тасаг, хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лаборатори байгуулахад улсын төсвөөс 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа. Нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт эхнээсээ хийгдэж байна.
-ХАБЭМ-ийн тогтолцооны шинэчлэлийн явцад хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу вэ?
-Шинэчлэл хийхэд тулгарч байгаа хамгийн том сорилт нь хүний нөөцийн асуудал. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн тоо маш хангалтгүй байна. Хүний нөөц хязгаарлагдмал байгаатай холбогдуулан зарим ажлууд өндөр ачаалалтай хийгдэж байна. Дараагийн том асуудал нь санхүүжилт хангалтгүй явдал. ХАБЭМ-ийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах төсөв хуулийн хязгаарлалттай байдаг. Зөвхөн сургалт, сурталчилгаанд зарцуулна гэж заасан. Гэтэл тогтолцооны шинэчлэл гэдэг сургалт, сурталчилгаа биш үндэсний хэмжээний реформ. Тиймээс бид олон улсын байгууллагуудын санхүүжилттэй төслүүд, гадны улсуудын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагуудад тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлуудад санхүүжилт олгооч гэдэг байдлаар ажиллаж байна. Энэ хоёр асуудал тулгамдаж байгаа ч биелүүлэхийн аргагүй зүйл биш. Ажлуудаа төлөвлөсөн цаг хугацаандаа үр дүнтэй хийж дуусгахаар зорьж байна.
Хуулийн дагуу үүргээ биелүүлэхгүй, стандартаа мөрдөхгүй байгаа ААН-үүдийг цахим системээс ялгаж харах боломжтой.
-Аливаа шинэчлэлийг төр дангаараа хийж чадахгүй. Бүх талын оролцоо чухал байдаг. Байгууллагуудын оролцоог сайжруулах чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Энэ шинэчлэлийг ГБХНХЯ болон ХАБЭМТ голлон хэрэгжүүлж байгаа. Манай төв яамны харьяа асуудал хариуцсан байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй. Үндэсний хэмжээний томоохон тогтолцооны шинэчлэл учраас олон талт оролцогч байгууллагуудын үүрэг оролцоо маш чухал. Төр, хувийн хэвшлүүд, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид, хүний нөөц бэлтгэдэг их дээд сургуулиуд, судалгааны байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, олон улсын төсөл, хамтын ажиллагааны нийгэмлэгүүд хамтарч байж шинэчлэл бүрэн утгаараа хэрэгжих юм. Шинэчлэлийн төлөвлөгөөнд оролцогч талууд ямар чиг үүрэгтэй оролцохыг тодорхой тусгаж өгсөн. Эдгээр байгууллагуудад мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулсан. Мөн холбогдох байгууллагуудад албан бичгээр мэдээлэл хүргэж байна. Төрийн байгууллагууд яамдтай уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай. Түүнчлэн гадны байгууллагууд манай хууль, эрх зүйн шинэчлэлд үндэслээд арга зүйн дэмжлэг, зөвлөгөө үзүүлж ажиллана. Мэдээж улс төр, системийн хувьд өөр орны туршлагыг 100 хувь хуулна гэдэг амжилт олохгүй. Тиймээс өөрсдийн онцлогт тулгуурлан шинэчлэлээ хийнэ.
-Ярилцсанд баярлалаа.