Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь энэ сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тайландын хэвлэлд мэдээлснээр цагдаагийн байгууллага уг хэргийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Тэгвэл тус хэргийн талаар манай улсын Гадаад харилцааны яаманд албан ёсны мэдээлэл ирсэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ талаарх мэдээлэл ирсэн. Гэхдээ тухайн мэдээллийг олон нийтэд өгөхгүй байхыг ар гэрийнх нь зүгээс хүссэн. Учир нь тэд бага насны олон хүүхэдтэй, сэтгэл санаа нь эмзэг байгаа тул мэдээлэл өгөхгүй байх"-ыг хүссэн байна.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийг Тайландын хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхнээс албан ёсоор тайлбар мэдүүлэг аваад байгаа аж. Одоогоор уг хэрэгт холбоотойгоор хэн нэгнийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан зүйл байхгүй юм байна.