Монгол Улс олон улсын харилцаанд тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж буйг тодотгов

Монгол Улс олон улсын харилцаанд тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж буйг тодотгов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Гадаад харилцааны яам, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хамтран  “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх Бүс нутаг, улс орнууд“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа. 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хурлыг нээж хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц асар хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхий дахинд өрнөж буй улс хоорондын үл ойлголцол, зэвсэгт мөргөлдөөний олон асуудал нь энх тайванч байдлыг улам бүр холдуулсаар байна. Олон улсын ээдрээтэй, тодорхойгүй өнөөгийн нөхцөл байдлыг судлаачид олон жил үргэлжилж болзошгүй хэмээн дүгнэх болжээ. Иймд улам бүр тааварлашгүй болж байгаа өнөөгийн цаг үед бид гадаад бодлогоо илүү их эрдэмжүүлэх, олон улсын харилцааны судалгааны институцилэгдсэн тогтолцоо, механизмыг бий болгох нь зүй ёсны хэрэг юм. Тиймээс судалгаа шинжилгээний үйл явцыг эрчимжүүлэх үүднээс бодлогын судалгаа хөгжүүлэлтийг төрөөс илүүтэй дэмжих болно” хэмээн онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, “Монгол Улсын гадаад харилцааны гол түлхүүр үг бол тэнцвэртэй гадаад бодлого юм. Тэнцвэртэй гадаад бодлого гэдэг нь хоёр хөрштэйгөө төдийгүй гуравдагч хөрштэйгээ харилцах харилцаанд ч хамаарна. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа буюу 2011 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байсан. Тус айлчлалын дараа ОХУ, БНХАУ руу айлчилсан нь хоёр хөрштэйгээ харилцах тэнцвэрийг хадгалж буйн илрэл болж байв. Түүнчлэн манай улс бүс нутаг дахь тэнцвэртэй гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн шинжтэй хурлуудад тогтмол оролцож байна. Дараагийн нэг түлхүүр үг бол Нэг цонхны гадаад бодлого буюу дотоодын эв нэгдэл, сахилга бат юм. Нэг цонхны гадаад бодлого бол гаднын улс орнууд бидэнтэй ойлголцох, харилцах үндэс суурь юм. Тиймээс нэг цонхны бодлогыг бүх түвшинд баримталж, ажиллах нь зүйтэй юм” хэмээн тодотгов.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач, доктор С.Баясгалан, “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд гадаад харилцаа талдаа маш их идэвхтэй бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад харилцааны салбар дахь одоогийн явуулж буй бодлого, үйл ажиллагаа зөв чиг баримжаатай болох нь амьдрал дээр бүхий л талаараа нотлогдож байна. Тиймээс Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан “Нээлттэй, олон тулгуурт, эвсэлд үл нэгдэнэ” гэсэн бодлогыг хэвээр хадгалах хэрэгтэй. Мөн бид гуравдагч хөршийн бодлогоо аль болох эрчимжүүлэх нь зүйтэй. Өөр нэг анхаарах асуудал бол, өнөөгийн бидний амьдарч буй дэлхий ертөнц шинэ сорилтыг бий болгож байгаа шигээ шинэ боломжийг бүрдүүлж байна. Иймд шинжлэх ухаан, технологийн хөгжлийг гадаад бодлого, гадаад харилцаанд ашиглах шаардлагатай. Ингэснээр хил залгаа бус орнуудтай харилцах тал дээр бидэнд боломж бололцоо илүү их нээгдэнэ” гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

ХИС-ийн Олон улс, нийгэм судлалын тэнхимийн ахлах багш, доктор П.Мягмардорж, “Геополитикийн тогтворгүй байдал нь Монгол Улсын гадаад бодлогод томоохон сорилт болж байна. Ийм эгзэгтэй цаг үед гадаад дотоодын эрдэмтэн судлаачид гадаад бодлогын чиглэлээр хийсэн судалгааны дүн бүхий илтгэлүүдээ хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Судлаачид харилцан туршлага судлах гэхээсээ илүүтэй шийдвэр гаргагчид энэхүү хурлаас асуудлыг олж хараасай гэж бодож байна. Учир нь, том гүрнүүдтэй харьцуулбал манай улсын гадаад бодлогод зарим талаараа бодлогын сонголт нэлээн хомс байдаг. Тиймээс олон улсын харилцаанд бодлогын сонголтуудыг аль болох олон болгох хэрэгтэй” гэсэн юм.

Эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн хуралдаан ийнхүү Төрийн ордны Чингис хааны нэрэмжит танхимд үдээс өмнө болсон бөгөөд үдээс хойш МУИС-д салбар хуралдаанаар үргэлжилж байна. Тус хуралд 9 улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 16 эрдэмтэн судлаач зочин оролцогчоор оролцож байгаа ба хурдацтай өөрчлөгдөн буй дэлхийн дахины нөхцөл байдлын талаарх чиг хандлага, таамаглал, үнэлгээ дүгнэлтээ хуваалцаж байна.