Яруу найрагч Г.Гүррагчааг "Экстремист үйл ажиллагаа явуулах"-ыг завдсан хэмээн Тагнуулаас шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор цагдан хорьжээ

Яруу найрагч Г.Гүррагчааг "Экстремист үйл ажиллагаа явуулах"-ыг завдсан хэмээн Тагнуулаас шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор цагдан хорьжээ

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргээр шалгагдаж байсан З.Санждорж нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэж, З.Санждорид 9.6 жил, Д.Бямбажавт 9 жилийн хорих ял оногдуулсан. 

Тэгвэл дахин Монгол Улсын нэг иргэн тагнуулын хэрэгт холбогджээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас яруу найрагч Г.Гүррагчааг энэ сарын 15-ны /2025.05.25/ өдөр Эрүүгийн хуулийн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн саатуулсан байна. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Гүррагчааг “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Ингээд яллагдагч Г.Гүррагчааг “...хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. 

Уг саналыг шүүх 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэж, шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Г.Гүррагчаад яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.