УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг магадгүй зөрчиж, төрийн өндөрлөгт хүрсэн байж болзошгүй талаарх баримт, нэвтрүүлгийг бид өмнө нь бэлтгэн хүргэсэн билээ. НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан атал холбогдох төрийн байгууллагууд уг хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс нь эргүүлэн татаагүй байдаг. Нөгөөтээгүүр түүний энэхүү хууль зөрчсөн үйлдлийг шалгаж, хариуцлага тооцох асуудлыг хөндөхгүй байгаа нь хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэхгүй байгааг илтгэж байна гэдгийг бид баримтаар дэлгэсэн.
Улмаар УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, төрийн өндөрлөгт хүрсэн хууль бус байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж эхлээд байсан юм. Харин прокуророос тус хэргийг харьяаллын дагуу Ховд аймаг дахь Цагдаагийн газар руу шилжүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг өдгөө Ховд аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа талаарх мэдээллийг нууцалж байна.