А.Ариунзаяа гишүүн "Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг АТГ-т ирж мэдүүлэг өгсөн" талаар мэдээлсэн ч энэ талаарх мэдээлэл АТГ-т байхгүй байна

А.Ариунзаяа гишүүн "Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг АТГ-т ирж мэдүүлэг өгсөн" талаар мэдээлсэн ч энэ талаарх мэдээлэл АТГ-т байхгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг хэрэглээ иргэдийн анхаарал, шүүмжлэлийг дагуулсаар байна. Тиймээс ч АТГ-аас "Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногт /өнгөрсөн долоо хоногт/ Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдсэн" гэх мэдээллийг өгсөн. 

Харин өнөөдөр  /2025.05.21/ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Ерөнхий сайдын хүү өглөө ирмэгцээ АТГ-т мэдүүлэг өгч, 4 цаг байцаагдсан гэх мэдээлэл авлаа" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэгвэл уг асуудлыг АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор энэ талаарх мэдээлэл байхгүй байна. А.Ариунзаяа сайд хаанаас тийм мэдээлэл авсныг мэдэхгүй байна" гэх хариултыг өглөө. 

Эргэн сануулахад АТГ-аас өмнө нь "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна. Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн болно. Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдэв" гэх мэдээллийг өгч байсан юм.