Ц.Элбэгдорж Японы "Майничи Шимбун" сонинд "цаазын ял хүн төрөлхтний эсрэг үйлдэл болох" талаар ярилцлага өгчээ

Ц.Элбэгдорж Японы "Майничи Шимбун" сонинд "цаазын ял хүн төрөлхтний эсрэг үйлдэл болох" талаар ярилцлага өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Япон улсад зочилж байгаа бөгөөд энэ хүрээнд Японы Майничи Шимбун сонинд цаазын ялын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийхийг уриалсан ярилцлага өгсөн талаар өчигдөр /2025.05.26/ Майничи сайт мэдээллээ.

Тодруулбал Ц.Элбэгдорж "Эхэндээ олон нийт цаазын ялыг түдгэлзүүлэхийг эрс эсэргүүцэж байсан ч ил тод байдал, үндэсний мэтгэлцээний явцад олон нийтийн санаа бодол аажмаар өөрчлөгдсөн. Цаазын ялыг халснаас хойш гэмт хэргийн гаралт мөн буурсан. Шийтгэл нь заавал олон нийтийн аюулгүй байдлыг хангана гэсэн үг биш.  Цаазаар авах ял нь төрөөс тогтоосон хүн амины хэрэг бөгөөд хүн төрөлхтний эсрэг үйлдэл юм. Одоо Япон улс цаазаар авах ялын давуу болон сул талуудын талаар ярилцах цаг нь болсон" гэжээ. 

Харин Майничи Шимбун сайтын сэтгүүлч Ц.Элбэгдоржийг "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсад цаазаар авах ялыг халах ажлыг удирдаж байсан. Тодруулбал, Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчийн албыг хашихаасаа өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар сольж, цаазаар авах ялыг түдгэлзүүлэх тухай зарласан. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улс 2017 онд цаазын ялыг халсан" хэмээн тодотгожээ.