ЦЕГ: 32 настай иргэний амийг хөнөөсөн байж болзошгүй 14-17 насны гурван иргэнийг хэрэгт холбогдуулан шалгаж байна

ЦЕГ: 32 настай иргэний амийг хөнөөсөн байж болзошгүй 14-17 насны гурван иргэнийг хэрэгт холбогдуулан шалгаж байна

Улаанбаатар хотод 14-17 насны хүүхдүүд бүлэглэн, 32 настай иргэний амийг хөнөөсөн ноцтой хэрэг энэ долоо хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Албан бус мэдээллээр, дээрх хэрэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд амь хохирогч нь биедээ олон тооны шарх авсан байж магадгүй байна.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг: 2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:40 цагийн орчимд БЗД-ийн 27 дугаар хороо дунд Дарь-Эхийн тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу хэргийн газарт баг бүрэлдэхүүн шуурхай очиж ажилласан.

Урьдчилсан байдлаар 14-17 насны гурван иргэнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Шүүх шинжилгээний тогтоолд үндэслэн шалгалтын ажиллагаа цааш үргэлжилнэ. Шалгалтын явцад тухайн амь хохирогчийн биед шарх үүссэн байсан. Тухайн шарх нь ямар хүчин зүйлээс болж, хэдий хугацаанд гарсан, энэ шархаас болж амь нас хохирох шалтгаан мөн үү гэдгийг шүүх шинжилгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой, нотлох үүргийг цагдаагийн байгууллага хүлээдэг энэ ажиллагаа үргэлжилж байна.