Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс /2025.05.27/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг тус хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Тэрбээр, манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн таван жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн хоёр жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг цахилгаан дугуй /суррон/, скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлийн нөхцөл байдлын талаар таницлуулсан юм. Тэрбээр, сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэргийг тээврийн хэрэгсэл болгон замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нэмэгдэж байна.
-НИЙТ ТОХИОЛДЛЫН 39 ХУВЬ НЬ 10-19 НАСНЫ ХҮҮХДҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА-
2022-2024, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедноос үүдэлтэй ослын нийт 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
2025 оны гуравдугаар сараас эхлэн энэ төрлийн осол гэмтэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Насны бүлгээр авч үзвэл, нийт тохиолдлын 39 хувь нь 10-19 насны хүүхдүүд эзэлж байна.
Нийт тохиолдлын 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байна. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алджээ. Нийт тохиолдлын 95.1 хувь нь тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хамгаалалтын малгай хэрэглээгүй байна хэмээн танилцуулаад цаашид хууль, эрх зүйн оновчтой зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэв.