"Хамтарсан Засгийн газар" байгуулах МАН-ын шийдвэр, санал, Л.Гантөмөрийн гарын үсэг зурсан гэрээг ил болгуулахаар хуульч Н.Ариунболд шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Ингэхдээ Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд 2024 оны наймдугаар сар /2024.08.12/-д гарын үсэг зурсан байдаг.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нарын байгуулсан хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх нэртэй гэрээ албан ёсоор өнөөг хүртэл ил болоогүй байгаа юм. Тиймээс хуульч Н.Ариунболд уг гэрээг ил болгохыг шаардаж, Иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг.
Тэгвэл хуульч Н.Ариунболд уг асуудлаар буюу нээлттэй мэдээлэл авахаар Улсын дээд шүүхэд хандсан байна. Тэгвэл Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өчигдрийн /2025.05.30/ хуралдаанаар хуульч Н.Ариунболдоос ирүүлсэн нээлттэй мэдээлэл авах тухай албан бичгүүдтэй танилцаж, хариу хүргүүлэхээр болсон байна.