"Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" гэж өлсгөлөн зарласан Л.Отгонбаттай хамт хэрэгт холбогдсон иргэд хорих ялаар шийтгэгдэж, тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ял сонсжээ

"Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" гэж өлсгөлөн зарласан Л.Отгонбаттай хамт хэрэгт холбогдсон иргэд хорих ялаар шийтгэгдэж, тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ял сонсжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан "Огцрох амархан" иргэдийн жагсаал өчигдөр /2025.06.02/ Төв талбайд 21 дахь өдрөө үргэлжилсэн. Мөн энэхүү жагсаалтай зэрэгцэн "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" хэмээн хэсэг иргэд өлсгөлөн зарлаад байгаа. Харин тэдгээр иргэдийн дунд хар тамхины хэрэгт нэр холбогдсон хүн байгаа нь магадгүй ял наймаалцаж байж болзошгүй талаар иргэд цахим сүлжээнд байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл бид тус асуудлыг бид хөөж үзлээ.

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" хэмээн өлсгөлөн зарласан Л.Отгонбат гэгч нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдож, улмаар хоёр шатны шүүхээр ял шийтгэгдсэн нэгэн аж.

Тодруулбал, Л.Отгонбат, Ө.Отгон-Орших, Л.Мөнхжаргал, Г.Улам-Оргих нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 06-ны /2025.03.06/ өдөр хэлэлцэж, Ө.Отгон-Оршиход 2.6 жил, Л.Мөнхжаргалд 3.3 жил, Г.Улам-Оргиход 2.6 жилийн хорих ял оноосон байна.

Харин өлсгөлөн зарласан Л.Отгонбатад 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ. Улмаар давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр /2025.05.27/ уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. 

Прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлж байжээ.  

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-ийн 1-д "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Мөн хуулийн 20.7.2-д "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна" гэж заажээ. 

Ташрамд өгүүлэхэд, иргэдийн шүүмжлэлд өртөж, хар тамхины хэрэг нь сөхөгдсөн "Нэхүүл" холбооны удирдах зөвлөлийн дарга Л.Отгонбат нь "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" хэмээн өлсгөлөн зарласнаа зогсоож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа гэдгийг хамт жагсаж байгаа иргэд нь мэдээлж байгаа юм.