Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид өнөөдөр өглөө буюу 2025 оны зургаадугаар сарын 09-ний өдөр олон улсын нислэгээр тээвэрлэж авчирсан 1,2 килограмм орчим хар тамхийг илрүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээрээс хураасан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт холбогдуулж Монгол Улсын иргэн Б, М, Г нарыг баривчлан саатуулсан аж. Дээрх хар тамхи, мансууруулах төрлийн бодис нь “мөс” гэх НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” гэдэг бодис байсан аж.
Эрүүгийн хуулийн 20.7.3.3-д зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм. Уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.