Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дугаар хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 6 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд боллоо.
Тус хуралд АНУ, Англи, Канад, Австрали, Румын, Хятад, Турк, Казакстан, Азербайжан, Саудын Араб, Кувейт, Кени, Сингапур, Бүгд Найрамдах Солонгос Улс, Кувейт, Непал зэрэг 25 улсын прокурорын байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвээр нэгэн дор чууллаа.
Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Олон улсын прокуроруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона нар нээж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтэд оролцож үг хэлэхдээ цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урьд хожид байгаагүй шинэ сорилт бий болгож байгааг тэмдэглэлээ. Иймээс хамтын хүчин чармайлт, цогц шийдэл, харилцан уялдаатай бодлого чухал гэдгийг онцолж, прокурорын байгууллагууд цаашид хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Олон улсын прокуроруудын холбооны бүсийн хурлаар “Олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чиг хандлага”, “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Технологийн дэвшил, инновацыг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг: Бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа” дөрвөн дэд сэдвийн хүрээнд 16 илтгэл хэлэлцүүлж, цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагаа хуваалцлаа.
Олон улсын прокуроруудын холбоо нь 1995 онд байгуулагдаж, өдгөө дэлхийн 175 орны 250.000 гаруй прокуроруудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн 10 дугаар хурал нь бүс нутаг төдийгүй олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх онцгой чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.