"Мөс” гэх нэршилтэй 861 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах гэж байсан этгээдүүдийг яллажээ

"Мөс” гэх нэршилтэй 861 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах гэж байсан этгээдүүдийг яллажээ

Сүүлийн үед иргэд хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, худалдан борлуулах, хадгалах гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн.

Тэгвэл прокурорын байгууллага долоон хоногийн хугацаанд “Мөс” гэх нэршилтэй бодистой холбоотой хоёр ч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, иргэн Д.С нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бохир жингээр 861 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан аж. Үүнээс 60.9 граммыг худалдаалах зорилгоор зургаан байршилд байршуулж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Мөн “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан М.Б, Э.М, Э.Ж нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 

Б.МӨНХСАЙХАН