БАРИМТ: "Тавантолгой түлш" ХХК шахмал түлш барьцалдуулагчийн худалдан авалтаа нууцад оруулаад, 161 тонн 2 дугаар гурил худалдан авсан байжээ

БАРИМТ: "Тавантолгой түлш" ХХК шахмал түлш барьцалдуулагчийн худалдан авалтаа нууцад оруулаад, 161 тонн 2 дугаар гурил худалдан авсан байжээ

"Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой иргэдийн гомдол жил бүр нэмэгдэж, эл түлшнээс шалтгаалан иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа гэдгийг шүүмжлэх хүн олон байдаг. Сүүлийн долоон жилийн хугацаанд гэхэд угаарын хийн хордлогын улмаас 779 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй нас барсан бол 163 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас барсан гэдгийг албаныхан тодотгодог.

Харин эдгээр иргэдийг өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан угаартаж нас барсан буюу яндангаа авч, өрхөө бүтээсэн, утаа мэдрэгчээ ажиллуулаагүй, яндангаа хөөлөөгүй байсан зэргээс шалтгаалан угаартаж амиа алдсан гэх дүгнэлт гарсан гэгддэг. Тиймээс ч эл асуудалд хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээсэн гэх мэдээлэл байдаггүй. Гэтэл иргэд "Сайжруулсан гэх тодотголтой чанаргүй шахмал түлшний орц, найрлагаас шалтгаалан иргэд угаартаж, амь насаа алдаж байна. Уг түлшний стандарт алдагдсан. Чанар муудсан зэрэг нь нөлөөлдөг" гэдгийг онцолж, сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг ил болгож, нээлттэй мэдээлэхийг шаарддаг. Гэсэн ч энэ талаарх мэдээлэл төдийлөн хангалттай байдаггүй. 

Тэгвэл "Тавантолгой түлш" ХХК нь үндсэн үйлдвэрлэл болох сайжруулсан шахмал түлшний үндсэн орц норм, үйлдвэрлэлийн техник технологитой холбоотой баримт бичгүүд, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг үндэслэлгүйгээр "Байгууллагын Нууцын зэрэглэлд" оруулж, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг нээлттэй тендер зарлалгүйгээр шууд худалдан авалт хийдэг байжээ. 

"Тавантолгой түлш" ХХК-д хүргүүлсэн албан шаардлага

Түүнчлэн "Тавантолгой түлш" ХХК нь сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг орлуулж хэрэглэхээр 2020-2021 онд "Алтан тариа" үйлдвэрийн 2 дугаар зэргийн 161.1 мянган тонн гурил худалдан авсан байсан нь аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Үйлдвэрлэл болон хүнсэнд хэрэглэгдэх чанарын шаардлага хангахгүй болсон нь шинжилгээгээр тодорхойлогдож хөрөнгийн шинж чанараа алдсан 121 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий гурил өдгөө ч тус үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байгаа аж.

Тиймээс аудитын байгууллагаас дээрх гурилыг устгалд оруулж, данс бүртгэлээс хасахыг "Тавантолгой түлш" ХХК-аас шаардаж, хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.