Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьдыг 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 04:30 минутад хулгайлж төхөөрсөн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан.
Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн прокуророос шалгаад “яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” хэмээн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Саналыг тухайн дүүргийн Эрүү, иргэний анхны шатны шүүх энэ сарын 13-ны өдөр /2025.06.13/ хэлэлцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Тодруулбал, шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад нэр бүхий яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдгээр нь зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.