"Улаанбаатар парк"-т нохойд уруулсан охины хэргийг зөрчлийн хэргээр дахин шалгахаар болжээ

"Улаанбаатар парк"-т нохойд уруулсан охины хэргийг зөрчлийн хэргээр дахин шалгахаар болжээ

Одоогоос сар гаруйн хугацааны өмнө буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр "Улаанбаатар парк"-аар алхаж явсан 10 настай охиныг харгалзах хүнгүй явсан нохой урж, биед нь гэмтэл учруулж буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Хамгийн ноцтой нь тухайн хүүхдийг нохой урж байхад ойролцоо явсан иргэд түүнд тусламж үзүүлээгүй нь олны дургүйцлийг төрүүлж байсан юм. 

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаахаар болсон байна. Энэ талаар хохирогч охины ээж Б.Баяржаргал “NTV” телевизэд өгсөн ярилцлагадаа "Хууль шүүхтэй улс учраас бид хуулийн байгууллагуудад итгээд хүлээж байсан. Гэвч хоёр сарын дараа хариу нь ирэхдээ "Танай хүүхдийн гэмтлийг хөнгөн гэмтэл гэж үзсэн. Тийм учраас энэ хэргийг хаалаа гэсэн" хэмээн ярьжээ.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлд зааснаар Прокуророос гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж үзэн зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар цагдаагийн байгууллагад буцаасан” гэв.

Өөрөөр хэлбэл, нохой уруулсан охины хэргийг зөрчлийн хэргээр дахин шалгахаар болжээ. 

Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих

1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.19 дүгээр зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.