Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор цахилгаан дугуй, скүүтэр, мопед, суррон зэргийн хэрэглээ ихэссэн. Гэвч манай улсад эдгээр тээврийн хэрэгслүүдэд зориулсан зориулалтын зам байхгүй учраас иргэд явган хүний замаар зорчих, авто замын хөдөлгөөнд оролцох үедээ бэртэж гэмтэх, бусдыг мөргөж гэмтээх тохиолдол их болсон. Үүний дийлэнх хувийг өсвөр үеийнхэн эзлэж байна. Тиймээс бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
ГССҮТ-өөс мэдээлснээр, 2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгдсэн байна. Харин 2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт аж. 2024 онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амиа алдсан байна.
Тэгвэл 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтэр, мопедоос үүдэлтэй 98 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан 1 тохиолдол ШШҮТ-д бүртгэгдсэн аж.
Нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байна. Үүнээс 45.9 хувийг 10-19 насныхан эзэлж байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад их байгаа юм. Тэгвэл сүүлийн 14 хоногийн байдлаар ГССҮТ-д 7596 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж үүнээс дугуй, цахилгаан дугуй, скүүтэр, мотоцилк, мопед гэх мэт тээврийн хэрэгслүүдээс үүдэлтэй 738 осол гэмтэл бүртгэгджээ.
-СКҮҮТЭР, ЦАХИЛГААН ДУГУЙ ЗЭРГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТСЭН ТОХИОЛДЛУУДЫН ИХЭНХ ХУВИЙГ ДООД МӨЧДИЙН ГЭМТЭЛ ЭЗЭЛЖ БАЙНА-
Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү “Сүүлийн үед скүүтэр, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслүүдийн хэрэглээ их болсон байна. Үүнтэй холбоотой осол гэмтэлд өртөх нь нэмэгдлээ. Үүсч байгаа гэмтлүүд ноцтой хэмжээнд байна. Жишээ нь скүүтрийн үрүүл нь цээжнээс доор байрладаг учир огцом унах үед үрүүлд хэвлий цохигдож, цээж хэвлийн хүнд гэмтлүүд учирч байна. Зам тээврийн осолд орсноор гавал толгойн ноцтой гэмтэл учир ч өвчтөнүүд маань нэлээн хүнд байдалд байна. Дурдаад байвал маш олон тохиолдол байна. Ажиглахад нэн тэргүүнд тухайн тээврийн хэрэгсэлд зориулсан зам талбай алга. Нөгөө талт тээврийн хэрэгслийн зохистой хэрэглээ алга. Массыг хамарсан гэмтэл үүсэж байгаа нь маш их асуудал дагуулж байна. Дурдвал дээд, доод мөчдийн гэмтэл мөн ясны цууралт, тохой болон шууны гэмтэл, өвдөг болон шилбэний гэмтэл, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолдож манай эмнэлэг дээр ирж байна л даа. Тус тээврийн хэрэгслүүдийг зүй зохистой хэрхэн ашиглах талаар мэдлэг дутмаг байх шиг байна. Тиймээс энэ талаар иргэдэд анхааруулж, мэдээлэл түгээх, хяналт тавих нь чухал гэж бодож байна” гэв.
-ХҮҮХДЭДЭЭ ХАРАА ХЯНАЛТАА ТАВИХДАА ОНЦГОЙЛОН АНХААРАХЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЛАА-
Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Одоогийн нөхцөл байдалд хүүхэд багачууд сургууль цэцэрлэг амарсантай холбоотойгоор гэрийн ойр орчимд тоглох, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар явах тохиолдол эрс нэмэгджээ. Энэ үед эцэг эхчүүдийн хараа хяналт сул. Яг одоогоор бага насны хүүхдүүд скүүтэртэй замын хөдөлгөөнд оролцох тохиолдол нийтлэг байна. Энэ оны эхний таван сарын байдлаар унадаг дугуйтай 40 осол, цахилгаан скүүтертэй 17, Цахилгаан мотоциклтой 67 осолд холбогдсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Эдгээрийн дийлэнх нь өсвөр үеийн хүүхэд багачууд байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 18 хүүхэд амиа алдсан харамсалтай мэдээлэл байна. Хүүхдүүд энэ тээврийн хэрэгслийг унаж яваад автомашинд мөргүүлж, мөргөж, явган зорчигчийг мөргөж байгаа. Иймд эцэг эх асрам хамгаалагчид хүүхдэдээ хараа хяналтаа тавихдаа онцгойлон анхаараач гэдгийг зөвлөж хэлмээр байна” гэлээ.