ВИДЕО: 107 жилийн настай “Дээш харсан ширээ”-тэй музейн соёлын өв алдагдах эрсдэл үүссэн тул багахан засвар хийж, “амь торгоож” эхэллээ

ВИДЕО: 107 жилийн настай “Дээш харсан ширээ”-тэй музейн соёлын өв алдагдах эрсдэл үүссэн тул багахан засвар хийж, “амь торгоож” эхэллээ

Манай улсад хотын аялал жуулчлал хөгжөөгүйн улмаас Чингис хаан музей, Улсын их дэлгүүр зэрэг цөөн хэдэн газраар жуулчдыг оруулаад л өөр үзүүлэх газар байдаггүй. Хотын аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудад түүх, соёлын ой санамж болж үлдсэн өндөр настай барилгуудаа сэргээн тордож, жуулчдыг татах нэг арга хэрэгслээ болгосон байдаг.

Гэтэл манай улс интерьер, дизайны өвөрмөц шийдэл бүхий, олон жилийн настай барилгуудаа шинэчлэх нэрийдлээр нураах, эс бөгөөс тэр чигт нь орхигдуулсаар ирсэн. Иймд энэ удаагийн сурвалжилгаараа бид Улаанбаатар хотын төв цэгт байрладаг ч олон жил орхигдсоноор элэгдэж муудсан, “Дээш харуулсан ширээ”-тэй Улаанбаатар хотын музей гэж нэрлэгдсэн 107 жилийн настай барилгын өнөөгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.

ВИДЕО:

-"ДЭЭШ ХАРУУЛАН ХӨМӨРСӨН ШИРЭЭ"-ТЭЙ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН БАРИЛГА НЬ ӨДГӨӨ 107 ЖИЛИЙН НАСТАЙ-

Нийслэл хотод байр цөөн хэдэн өндөр настай барилгуудыг дурдвал Богд хааны ордон музей, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө, Гоожингийн өндөр зэрэг барилгуудыг нэрлэж болох. Мөн эдгээр барилгуудын нэлээд өндөр настайд тооцогдох Улаанбаатар хотын музейн барилга нь өдгөө 107 жилийн насжилттай. Уг барилгын түүхийг эргэн сануулбал, Оросын буриад худалдаачин Цогт Гармаевич 1918 онд өөрийн сууцанд зориулан бариулж, 1932 он хүртэл эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Ингэхдээ 1917 онд буюу анх бариулахдаа Оросын эзэн хаан II Николас хаан ширээнээс огцорч, Оросын хаан ширээ унасныг бэлгэдэн энэхүү дээвэр дээрх ширээг хөмрүүлэн, хөлийг нь дээш харуулж байрлуулсан нь өдгөө энэ хэвээр хадгалагдан үлдсэн байгаа юм.

Энэхүү барилга нь тухайн үедээ л Монголын уран барилгуудын нэгд зүй ёсоор тооцогдож байсан бөгөөд 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байлаа.

Гэтэл 107 жилийн түүхтэй, тухайн үедээ л хувьсгалын тод жишээ болж байсан биет өвд тооцогдох “Дээш нь харуулсан ширээ”-тэй энэхүү барилга олон жил засвар хийлгүй орхигдсоноос элэгдэж, гадаадын иргэд байтугай дотоодын иргэд ч тоож үзэхээргүй болжээ. Мөн биднийг барилга дээр очиход засварын ажил хийж байлаа. Иймд бид энэ талаар Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэнгээс тодруулахад гадаад байдлыг өөрчлөхгүйгээр засвар хийж байгаа бөгөөд барилга хуучирч, муудсаны улмаас музейн үйл ажиллагаа явуулахад бэрх болоод байгаа талаар бидэнд ярьсан юм.

Тэрбээр, “Үнэнийг хэлэхэд Улаанбаатар хотын музейн барилгад томоохон засвар шинэчлэл, огт хийгдээгүй. Үе үеийн хотын дарга нарын бодлогын гадна орхигдож ирсэн. Энд хэдэн сэтгэлтэй хүмүүс л ажлаа хийгээд байж байдаг. Иймд засвар шинэжлчлэлийг шат дараатай хийх гээд байгууллагаас нийслэл хотын удирдлагуудад санал тавьж, тодорхой хэмжээний төсөв тусгуулж, түүнийг нь нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зарлаад, бага багаар засвар хийх гээд ажиллаж байгаа.

Манай ариун цэврийн өрөө л гэхэд мөөгөнцөртчихсөн, тусаал гоождог байсан. Сумын төв, баг бригадын ариун цэврийн өрөө ч ийм байхгүй шүү дээ. Энэ бол Монгол Улсын нүүр царай болж, гадна дотнын жуулчдад соёлын үйлчилгээ үзүүлдэг барилга.

Гэтэл ялангуяа жуулчид манайд ирээд ариун цэврийн өрөө орох гээд орж чадахгүй гараад явчихдаг. Үүнийг шийдэж засаж байна. Энэ барилга нь түүхэн барилга учраас нураахгүй, энэ хэвээр нь сэргээн засварлана. Бетонон ширэнгэ болчихсон энэ хотод үлдсэн цөөн хэдэн барилгын хамгийн насжилт өндөртэй нь энэ барилга. Гэхдээ нийслэлээс их хэмжээний хөрөнгө мөнгө тавьж, бөөнд нь засаж байгаа зүйл байхгүй. Бага багаар засаж байгаа. Манайх үзмэрийн гурван танхимтай. Энэ танхимууд маш хэцүү байдалтай байж ирсэн. 107 жилийн турш олигтой засвар нэг ч хийж байгаагүй. Энэ барилга маань өөрөө үзмэр болчихсон байхгүй юу. Хана, тааз гэхэд л 107 жилийн настай. Их хотын түүх, соёл гэдэг чинь маш том ондоошил. Гэтэл манай Улаанбаатар хотын музейг орчин үеийн хүмүүс байтугай манай нийслэлийн зарим дарга нар өөрсдөө мэддэггүй шүү дээ. Цаашдаа томоохон засвар хийх эс бөгөөс Улаанбаатар хотын музейг шинэ барилгатай болгох шаардлагатай байгаа” гэлээ.

-ГАДНЫН ОРНУУД ТҮҮХЭН БАРИЛГУУДААРАА ЖУУЛЧДЫГ ТАТДАГ-

Уг нь гаднын өндөр хөгжилтэй улс орнуудад энэ мэт түүх, соёлын ой санамж болж үлдсэн барилгуудаа тэр хэвээр нь хадгалж жуулчдыг татах нэг арга хэрэгслээ болгосон байдаг. Жишээлбэл Лондонгийн хамгийн алдартай бэлгэдлийн нэг 1856 онд хийгдсэн Биг Бен хэмээх хонх нь дайны үед Лондонг хүчтэй бөмбөгдөж байхад тасралтгүй дуугарч байсан учир бөмбөгдөгч онгоцноос бүтцийг нь хамгаалахын тулд гэрэлтүүлгийг унтрааж одоог хүртэл хадгалан үлджээ. Иймд жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний үдээс хойш 11:00 цагт дэлхийн нэгдүгээр дайн дууссаныг дурсаж, уг хонхыг одоо ч дуугаргадаг аж. Уг хонхыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид очдог бөгөөд Их Британид хийгдсэн гэх ихэнх кинонд Вестминстерийн ордны цагны цамхагт байрлах уг хонхыг гаргадаг болсон юм.

Мөн БНСУ-д байх Гёнбүггүн хааны ордон нь 1395 онд Жусон гүрний үед баригдсан анхны ордон бөгөөд Сөүл хотод байдаг 5 ордон дундаас тансаг хийц, өнгө үзэмжээрээ бусдаасаа онцгойрдог тул жуулчид ихээр очиж, тухайн улсын түүх соёлтой танилцдаг. Иймд манай улс ч эртний түүхт барилга болох Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музей зэрэг олон жил өнгө төрхөө алдалгүй хадгалагдаж ирсэн барилгуудаа сэргээн жуулчдад үзүүлэх нэг ч гэсэн зүйлтэй байгаасай гэсэн үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.