Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяаг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж магадгүй байна

Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяаг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж магадгүй байна

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа билээ.

Мөн түүнтэй хамт төрсөн дүү “Улаанбаатар метро”  төслийн захирал Т.Мөнхдалай болон эхнэр Б.Анхтуяагийнх нь үеэл дүү гэх Н.Билгүүнийг мөнгө угаах, “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг тус тус үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байгаа. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяаг ч мөн Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорьж магадгүй байна. 

Учир нь Т.Даваадалай нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон гэдэг. 

Мөн Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн ажилладаг гэх Хятадын хүрээлэн "Шинэ тойрог автозам" төслийн 16.9 тэрбумын тендерт гэрээлсэн байдаг нь магадгүй тус хүрээлэн Т.Даваадалай нь давуу байдал олгосон уу гэх хардлагыг төрүүлдэг. Энэ ч утгаараа хуулийн байгууллагаас тус асуудлыг ч мөн АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагаас тайлбар мэдүүлэг авах ажиллагаа хийх гэтэл тэрбээр мөрдөгчийн дуудсан цагт ирээгүй төдийгүй прокуророос удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч ирээгүй байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Анхтуяа нь БНХАУ-д байгаа гэх бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж магадгүй байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон эхнэр Б.Анхтуяагийнх нь үеэл дүү Н.Билгүүн нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан ч тус шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийн хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Товчхондоо тэднийг цагдан хорьж мөрдөн шалгах нь зүйтэй гэж үзээд байгаа юм.