С.Тулга: Би хүүхдүүдээ дасгалжуулж, Лос-Анжелесын олимпоос алтан медаль авахыг мөрөөддөг. Харин шагнал, урамшууллыг нь Л.Мягмаржав, Г.Батцэнгэл нь аваарай

С.Тулга: Би хүүхдүүдээ дасгалжуулж, Лос-Анжелесын олимпоос алтан медаль авахыг мөрөөддөг. Харин шагнал, урамшууллыг нь Л.Мягмаржав, Г.Батцэнгэл нь аваарай

Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, олимпын наадамд оролцсон Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг энэ жил хөгжөөн дэмжигчдийн хүлээлтэд хүрч чадсангүй. Харин энэхүү үр дүнгийн цаана тамирчдын бус, удирдлага болон тогтолцооны асуудал бий хэмээн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга үзэж байгаа. Тэрбээр өөрийн бий болгосон гэх “Монголын 3х3 систем” хэрхэн үүссэн, өнөөгийн нөхцөл байдалд яагаад хүрсэн талаар байр сууриа илэрхийллээ. Мөн холбооны үйл ажиллагаа, шигшээ багийн бүрэлдэхүүн, цаашдын хөгжлийн талаар бид ярилцсан юм.

ВИДЕО:

-3Х3 ДЭЛХИЙД ХӨГЖИЖ ЭХЭЛЖ БАЙХАД ИХЭНХ БАГ НЭГИЙН ЭСРЭГ НЭГ ТОГЛОЛТЫН ХЭВ МАЯГТАЙ БАЙСАН. ХАРИН МОНГОЛ ГУРВАН ТОГЛОГЧОО НЭГ БҮХЭЛ СИСТЕМ БОЛГОЖ ТОГЛОДОГ БАЙСАН-

-Сайн байна уу? Манай ярилцлагын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа.

-Баярлалаа. Үзэгчид, уншигчид болон энэ ярилцлагыг үзэж, сонсож байгаа нийт монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе.

- Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан, олимпын наадамд оролцсон туршлагатай эмэгтэй шигшээ баг энэ удаа хөгжөөн дэмжигчдийн хүлээлтэд хүрч чадсангүй. Та үүнийг багийн удирдлага, бэлтгэлийн тогтолцоотой холбоотой асуудал гэж үзэж байгаа шүү дээ үүнээс яриагаа эхэлье.

-Монголчуудыг багийн спортоор амжилт гаргаж чаддаггүй гэж олон жил ярьсан. Зарим нь бүр боломжгүй гэдэг байсан. Харин бид боломжтой гэдгийг харуулсан. Дэлхийн аваргын тухайд би тэмцээн эхлэхээс өмнө цахим хуудсандаа байр сууриа илэрхийлсэн. Манай эмэгтэй баг хожил байгуулахад хэцүү болно гэдгийг мэдэж байсан. Гэхдээ энд тамирчдад буруу байхгүй. Охид маань чадлаараа тоглосон. Гол асуудал нь багийг удирдаж байгаа хүмүүст бий. Монголын 3х3-ын олон жил бий болгосон системийг шууд өөрчилсөн. Өнгөрсөн жил дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн баг ердөө нэг жилийн дараа дөрвөн тоглолт дараалан хожигдож байгааг бид харлаа.

Тэр охидыг өнөөдрийн түвшинд хүргэхийн тулд би өөрийнхөө охиноос дутахааргүй санаа тавьж байсан. Одоогийн удирдлагуудыг байхгүй байхад бид зардлаа өөрсдөө босгож, ивээн тэтгэгч хайж, олон улсын тэмцээнүүдэд оролцуулдаг байсан. Энэ бүгдийг сагсны хүрээнийхэн мэднэ. Тиймээс олон жилийн хөдөлмөрөөр босгосон Монголын 3х3-ын систем нүдэн дээр нурж байгааг харахад үнэхээр харамсалтай байна.

-Та эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн сонголтыг ч мөн шүүмжилээд байгаа шүү дээ. Дэлхийн аварга шиг том тэмцээний өмнө гаргасан ямар шийдвэрүүдийг хамгийн буруу байсан гэж үзэж байна вэ?

-Залуу тоглогчдод боломж олгох нь зөв. Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай. Дэлхийн аварга бол туршилт хийдэг тэмцээн биш. Туршлагатай, олон улсын том тэмцээнд тоглож байсан тоглогчдоо бүрэн ашиглаагүй. Сагсан бөмбөг бол ганц хүний биш, багийн спорт. Нэг хүн бүхнийг шийддэг байж болохгүй. Надад өмнө нь ч ийм зүйл тохиолдож байсан. Би Азийн аварга болсон багийг удирдаж байсан юм. Дараагийн шатанд дэлхийн аваргаас медаль авах зорилготой ажиллаж байхад багийг өөрчилсөн. Энэ удаад ч ижил зүйл боллоо.

Жишээлбэл, А.Анандыг үлдээгээд бусад тоглогчдыг өөрчилсөн шийдвэрийн шалтгааныг өнөөдөр хүртэл хэн ч тайлбарлаж чадахгүй байна. Дүү нарт боломж бий, олон тэмцээн бий. Харин дэлхийн аварга бол хамгийн бэлтгэлтэй, хамгийн ойлголцол сайтай бүрэлдэхүүнээрээ явах ёстой тэмцээн.

-Таны хэлж буйгаар багийн дотоод орчинд айдас, дарамтын уур амьсгал бий болсон мэт сонсогдож байна. Энэ нь тамирчдад хэрхэн нөлөөлж байна гэж хардаг вэ?

-Одоохондоо хүүхдүүд ил гарч юм ярихгүй байна. Тэр үеийн тоглогчид насан туршдаа “бид медаль авах боломжтой байсан” гэсэн харамсалтай үлдэх байх.

Надад ирсэн мэдээллээр “багшийг чинь явуулсан, хэрэв илүү зүйл яривал та нарыг ч гэсэн явуулна” гэсэн агуулгатай зүйлс яригдаж байсан. Залуу хүүхдүүд учраас нүдээ аниад өнгөрсөн.

Би хувьдаа өнөөдөр Монголын 3х3-д дотоод ардчилал байхгүй болсон гэж боддог. Нэг хүн бүх шийдвэрийг гаргадаг, бүхнийг мэддэг тогтолцоо бий болсон. Парисын олимпын үеэр хүртэл би “надад албан тушаал хэрэггүй, би зүгээр багийнхаа дэргэд байя, хүүхдүүдийнхээ ус ундааг бариад явсан ч болно” гэж хэлж л байсан шүү дээ.

-Та олон жилийн туршМонголын 3х3 системгэж ярьж ирсэн. Таны хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийг хөгжүүлж  ирсэн тэр системийн гол онцлог юу байсан бэ?

-Анх 2017 онд бид 3х3 сагсан бөмбөгтэй танилцаж байлаа. Тэр үед холбоогоо байгуулж, системээ босгож эхэлсэн. Систем гэдэг бол ухаан. Бид ур чадвараас илүү багийн ухаан, зохион байгуулалтад тулгуурлаж тоглох ёстой гэж үзсэн. Зарим гадаад дасгалжуулагчид ур чадвараар тоглоно гэж ярьдаг. Ур чадвараар бол нэгийн эсрэг нэг тоглоно. Харин 3х3 бол гурван хүний нэгдсэн сэтгэлгээний тоглолт.

3х3 дэлхийд хөгжиж эхэлж байхад ихэнх баг нэгийн эсрэг нэг тоглолтын хэв маягтай байсан. Харин Монгол гурван тоглогчоо нэг бүхэл систем болгож тоглодог байсан. Би үүнийг XIII зууны Монголын байлдааны урлагтай зүйрлэдэг.

Чингис хааны цэрэг зөвхөн хүчээр бус ухаан, зохион байгуулалтаар ялдаг байсан. Манай тоглолтын философид тэр сэтгэлгээ шингэсэн. Энэ системийн үр дүнд бид дэлхийн чансааны 173 дугаар байрнаас 13 дугаар байр хүртэл дэвшсэн. Найман олон улсын тэмцээнд оролцоод зургаан алтан медаль, хоёр хүрэл медаль хүртэж байлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа финалд шалгарч, хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан. Германыг хожсон, Францыг хожсон, АНУ-ыг хожсон үе бий. Өнгөрсөн жил эмэгтэй шигшээ баг дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Тухайн үед манай багийг хэн ч тоож үзээгүй. Харин ганцхан жилийн дараа дэлхий Монголын охидын тухай ярьж эхэлсэн.

-ХҮНИЙ САЙН САНАА, ОЛОН ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨР БҮТЭЭСЭН ЗҮЙЛИЙГ БУЛААЖ АВЧ БОЛОХГҮЙ-

-Та Монголын 3х3 сагсан бөмбөгийн удирдлагын талаар нэлээдгүй шүүмжлэлтэй байр суурь илэрхийлдэг. Таны бодлоор өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гол шалтгаан юу вэ?  

-2021 онд нэгдсэн дээд лиг байгуулагдсан. Дараа нь 2022 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсан. Миний санаж байгаагаар Батцэнгэл захирал ерөнхийлөгчид өрсөлдөгчгүй нэр дэвшиж байсан. Тухайн үед ардчилсан зарчмаар олон хүний оролцоотой ажиллах болов уу гэж бодож байлаа. Гэвч өнөөдөр шийдвэр гаргах эрх мэдэл маш цөөн хүний гарт төвлөрсөн гэж хардаг. Би ч бас алдаатай зүйл хийсэн. Олон холбоо байгуулсан, салангид ажилласан асуудалд миний буруу бий. Гэхдээ тэр бүхэн сагсан бөмбөгийг хөгжүүлэх гэсэн оролдлого байсан. Өнөөдөр эргээд харахад энэ спортын төлөө ажилласан олон хүний хөдөлмөр мартагдах хэмжээнд хүрсэн байна. Би 20 жил энэ спортын төлөө амьдарсан. Хамгийн сайхан үеэ зориулсан. Хүн хөдөлмөрөө үнэлүүлэхгүй байхыг давж чадна. Харин өөрийн бүтээсэн түүхийг мартуулахыг харах хамгийн хэцүү байдаг юм байна.

-Та MCS компанийн талаар таатай бус байр суурь илэрхийлдэг шүү дээ. Ер нь яагаад ийм дүгнэлтэд хүрсэн юм бэ?

-Би нэг л зүйл хэлнэ. Хүний сайн санаа, олон жилийн хөдөлмөрөөр бүтээсэн зүйлийг булааж авч болохгүй. Өмнө нь бусдын бизнесийг хөрөнгө оруулалт нэрээр авсан тухай яриа сонсож байсан. Гэхдээ хүүхдүүдийн амьдрал сайжирч, цалин хангамж нь дээшилж байгаа юм чинь гэж бодоод олон зүйлд дуугүй явсан. Гэтэл сүүлийн үед хүүхдүүдтэй холбоотой янз бүрийн асуудал сонсогдох болсон. Хэрэв шаардлагатай бол ил тод ярьж болно. Нүүр хийх газаргүй болохоор муухай жишээнүүд ч бий. Би үүнийг өөрийн байгуулсан зүйлээсээ холдсон хүний хувьд хэлж байна. “Apple”-ийг байгуулсан Стив Жобс өөрийн компаниасаа гарсан түүх байдаг. Надтай адилхан гэж хэлэхгүй ч мэдрэмжийн хувьд ойролцоо санагддаг. Тиймээс том компани төлөөлж байгаа хүмүүс илүү ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой гэж боддог.

-Хэрэв буцаад Монголын 3х3 шигшээ багт эргэн ажиллах санал ирвэл хүлээж авах уу?

-Сагсан бөмбөгийн төлөө бол ярилцаад үзэхэд болохгүй зүйл байхгүй. Миний зорилго албан тушаал биш. Монголын 3х3 сагсан бөмбөг дахин амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Хэрэв эргээд ажиллах боломж гарвал би чаддаг бүхнээ хийнэ. Харин амжилт гаргаж чадахгүй бол ямар нэгэн шалтаг тоочихгүйгээр чимээгүй ажлаа өгөөд явна. Надад хамгийн чухал нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн ирээдүй. Энэ спортын төлөө би өнөөдөр ч гэсэн санаа зовж явдаг.

-Ярилцсанд баярлалаа