АНУ-д нэвтэрч чадаагүй Сомали улсын шүүгч Супер цомын тэмцээний шүүгчээр ажиллана

АНУ-д нэвтэрч чадаагүй Сомали улсын шүүгч Супер цомын тэмцээний шүүгчээр ажиллана

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шүүгчээр ажиллах ёстой байсан Африк тивийн шилдэг шүүгчдийн нэг Сомали улсын шүүгч Омар Артаныг АНУ хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсанаас болж тэрээр өнгөрсөн лхагва гарагт эх орондоо эргэн ирээд байсан билээ.

Тэгвэл Европын Хөлбөмбөгийн холбоо УЕФА Омар Артаныг ирэх 8-р сарын 12-нд Австрийн Зальцбург хотод болох Супер цомын тэмцээний шүүгчээр ажиллахыг урьжээ. Энэ оны УЕФА-гийн Супер цомын тэмцээн Аваргуудын лигийн аварга болсон Францын “PSG” клуб, Европын лигийн аварга болсон Английн Aston Villa клуб хооронд явагдах юм.

АНУ-ын аяллын визтэй 34 настай Омар Артаныг Америкийн Майями хотын олон улсын нисэх онгоцны буудлаас буцаасан билээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 12 улс тэр дундаа Сомали улсын иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглох шийдвэртэй холбоотой бөгөөд Сомали улсын эрх баригчид Омар Артаныг АНУ-д нэвтрүүлээгүй буцаасан явдлыг буруушааж, Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос дэмжлэг хүссэн ч ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Д.Трампын засаг захиргааны шийдвэрийг эргүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Европын хөлбөмбөгийн холбоо Африкийн Хөлбөмбөгийн холбоотой яриа хэлэлцээ хийсний үр дүнд Омар Артанд ийнхүү хөлбөмбөгийн спортын нэр хүндтэй тэмцээнийг шүүх боломжийг олгохоор шийджээ.

УЕФА-гийн ерөнхийлөгч Александр Чеферин, “Хөлбөмбөг бол хүмүүсийг нэгтгэдэг спорт. Европын Хөлбөмбөгийн холбоо Омар Артан болон түүнийг дэлхийн шилдэг шүүгчдийн нэг болоход нөлөөлсөн өндөр ур чадварыг үнэлж буйгаа илэрхийлэхийг хүссэн юм.” гэжээ.