Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр нэгэн эрэгтэй зодож, танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
ВИДЕО:
Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан байдаг.
Улмаар тухайн этгээдийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар саатуулан шалгаж байсан юм.
Тэгвэл "Зайрмаг өгсөнгүй" гэх шалтгаанаар дэлгүүрийн худалдагчийн биед халдсан этгээдийг үргэлжүүлэн цагдан хорьж шалгах саналыг прокуророос шүүхэд гаргаж, энэ дагуу шүүхээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Н гэх 38 настай иргэнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.