Монгол Улсаас Хүннүгийн үеийн булш, түүхэн дурсгалт олдворууд цөөнгүй олддог. Энэ нь Монголчуудыг Хүннү, Сяньбигийн үр хойч мөн гэдгийг батлах нотолгоо болдог юм. Өмнө нь олдож байсан энэ мэт дурсгалт газрууд цөөнгүй бий.
Тодруулбал, одоогоос 9 жилийн өмнө буюу 2014 онд археологич н.Одбаатар тэргүүтэй баг Эрдэнэтээс Сяньбигийн үеийн бунхант булшийг анх илрүүлсэн байдаг бол 2023 онд 1800 жилийн өмнөх үе буюу Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага судалгааг Дарханд хийж, томоохон нээлтүүд хийж байсан. Мөн хотын ойр орчмоос буюу Бэлхийн ам, Ар гүнтээс Хүннүгийн үеийн булш, түүхэн дурсгалт олдвор олсон байдаг. Улмаар эдгээр газрыг хамгаалтад авч, магадгүй түүхэн дурсгалт газруудаар ил музей байгуулан жуулчдад үзүүлэх боломжтой бөгөөд манай улсын жуулчдад үзүүлж, харуулах нэгэн өв болох юм. Иймд бид энэ удаа Ар гүнтээс олдсон Хүннүгийн үеийн иргэдийн булшны одоогийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.
ВИДЕО:
-АР ГҮНТИЙН БУЛШНААС ОДООГООР ИЛРЭЭД БАЙГАА ХҮННҮГИЙН ҮЕД ХАМААРАХ ХАМГИЙН ТОМ ТӨМӨР ТОГОО ОЛДСОН БАЙДАГ-
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн нь Унгар Улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран 2022 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Хоёр орны хамтарсан археологийн судалгааны хүрээнд Хүннү гүрний үед холбогдох долоон булшийг малтан шинжилсэн бөгөөд судалгааны үр дүнд том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо олдсон. Тодруулбал, археологийн малтлага судалгааны явцад хоёрдугаартай булшнаас том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон нь одоогоор археологийн дурсгалаас илэрсэн хамгийн том хэмжээтэй төмөр сав суулга болох бөгөөд Хүннү гүрний төмөрлөг боловсруулалтын технологийн түвшин, үйлдвэрлэх хүчний хөгжил зэрэг хүннүчүүдийн соёлын талаар олон чухал мэдээллийг өгөх олдвор байсан. Улмаар Унгар улсад сэргээн засварлаад Монголд авч ирсэн.
Үүгээр зогсохгүй адууны эдлэл хэрэглэл, Хүннүгийн үеийн ваар, шавар эдлэл олдсон байдаг.
Улмаар уг байршлаас олдсон долоон Хүннүгийн үеийн булшинд Унгар Улстай хамтран ДНХ-ийн шинжилгээ хийж үзээд Европоос олдоод буй Хүннүгийн үеийн булш болон Ар гүнтээс олдсон хүннүгийн үеийн булшны ДНХ таарч байгааг нотолсон байна.
Мөн хадгалалтын түвшингээр өөр хоорондоо ялгаатай мал, зэрлэг амьтан болон нохойн яс илэрч олдсон юм. Гэтэл энэхүү түүхэн дурсгалт газар одоогоор Ар гүнтэд орхигдсон байдалтай байна.
-АР ГҮНТИЙН ХҮННҮГИЙН ҮЕИЙН БУЛШНЫ ОЛДВОРЫГ НЬ АВААД, БУЦААЖ БУЛААД ОРХИЖЭЭ-
Бид уг байршил дээр очиж үзэхэд Хүннүгийн үеийн олон чухал, түүхэн олдворуудыг олсон энэ газар одоо Ар гүнтэд орхигдсон байдалтай байсан юм. Археологийн хүрээлэнгээс уг газрыг Нийслэлийн хамгаалтад авах хүсэлтийг 2022 онд гаргаж байсан аж. Улмаар бид энэ талаар Археологийн хүрээлэнгээс тодруулахад, “Бид нийслэлийн хамгаалтад авах хүсэлтийг гаргаж байсан. Нийслэлийн хамгаалтад авсан байх” гэсэн хариултыг өгсөн. Мөн энэхүү булшнаас олсон түүхэн чухал олдворыг олсон байршилд нь байршуулж, магадгүй ил музей байгуулж болох юм.
Учир нь бусад орны газар нутгаас төдий л олдоод байхгүй энэ үнэт олдворыг бид хамгаалж, түүхэн дурсгалт газрыг улсын хамгаалтад авч, хамгаалж баймаар санагдах.
Үүний тод жишээ нь Бэлхийн аманд байх Хүннүгийн үеийн язгууртны булш байсан газар ил музей байгуулахаар ажиллаж буй явдал юм. Тодруулбал, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон, нийслэлийн соёл урлагийн газар, шинжлэх ухааны археологийн хүрээлэн, Унгар улсын элчин сайдын яамтай хамтран Хүннүгийн үед хамаарах булш, түүхэн дурсгалт газар ил музей байгуулж, Улмаар улаанбаатар хотын ойр орчим, түүх дурсгалын газрудыг шат дараатай аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор зорьж буй.
Иймд үүний адилаар Ар гүнтэд байх Хүннүгийн үеийн булш, түүхэн дурсгалт газарт ил музей байгуулж, жуулчдад сонирхуулах бүрэн боломжтой. Гэтэл олдворыг нь аваад булаад орхисон нөхцөл байдалтай байна. Үүнд хамгаалалт, арчилгаа хийдэг дүр зураг ч харагдаагүй юм.