Прокурорын байгууллагаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэн холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.