Энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Жуннан дүүргийн цагдаагийн газар Монголоос хууль бусаар тус улсад оршин сууж байсан зургаан иргэнийг баривчилж, Цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн тухай өчигдөр /2025.07.07/ тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Мөн уг монгол иргэдийн хоёрыг нь танхайрсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байсан нь тогтоогджээ.
Хэргийг тодруулбал, Сөүл хотын Жуннан дүүргийн нэгэн оршин суугчдаас гадаадын иргэд тамхи татаж, гудамжинд шуугиан тарьж байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Улмаар Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход зургаан монгол иргэнээс тав нь гэртээ нуугдсан байж. Үүнийг сэжиглэсэн цагдаа нар нэмэлт хүч дуудаж, гэрт нь санамсаргүй нэгжлэг хийжээ.
Шалгалтын үр дүнд тэд бүгд оршин суух хугацаагаа хэтрүүлсэн, тус улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон байна. Тэдний нэг нь баривчлах явцад цагдаагийн биед халдаж, зугтахыг завдсан ч амжилтгүй болжээ. Тухайн үед оргон зайлах гэж оролдсон монгол иргэдийг танхайрсан гэх хэргээр эрэн сурвалжилж байсан нь тогтоогдсон байна.
Улмаар Цагаачлалын хяналтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр баривчлагдсан бүх хүмүүсийг Цагаачлалын албанд шилжүүлжээ.
Эл хэргийн талаар Цагдаагийн албаны хүн хэлэхдээ, “Оргон зугтсан нэг иргэнийг оролцуулаад нийт зургаан хүнийг бүгдийг нь баривчилж, Цагаачлалын албанд шилжүүлсэн” гэв. Сүүлийн үед хууль бус цагаачид БНСУ-д нэмэгдэж, тулгамдсан асуудал болж байгаа. Иймд иргэд идэвхтэй мэдээлэл өгч, хамтран ажиллах нь чухал гэдгийг цагдаагийн байгууллагаас онцоллоо.