Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 224, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Өмчлөх эрхийн эсрэг 223, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 17, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 112, бусад 11 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 121,093 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 119,951 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1142 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3257, Танхайрах 181, Хүний биед халдах 310, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 184, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 115,452, бусад 1709 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18,900,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд энэ оны 06 дугаар сарын 22-ны шөнө “Эмэгтэйчүүд гудамж талбайд зодолдож байна” гэх бичлэг нийтлэгдсэн.

Баянголд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бусдын биед халдаж, зодсон үйлдэлд тус дүүргийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн Г ийн хүний биед халдаж, зодсон үйлдэлд өнгөрсөн 7 хоногт Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Он гарсанаас хойш цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан бусдын биед хохирол учруулахгүйгээр зодсон халдсан 9397 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хуульд заасны дагуу хариуцлага оногдуулж шийдвэрлээд байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.