Газрын өнгө засаж, гандсан ногоо өндийсөн хуртай зуны дэлгэр өдрөөр улстөржилтийн сэдэв болж, улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр гэхээс илүү хэсэг бүлгийн эрх ашгийн цаана тээглэж гацсан Бортээгийн орд газрыг гацаанаас гаргах буюу анхны шанага тавьж, шанг татах ёслол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр үндэсний олборлогч “Эрдэнэс Таван толгой” компаний Бортээгийн ордын талбайд зургаадугаар сарын 20-ны өдөр болох зар ирэв.
Түүхэн үйл явдлыг түмэн олонд сурвалжлан хүргэх сэтгүүлчдийн цуваа ажил тарах цагийн их түгжрэлтэй уралдан баасан гарагт “Эрдэнэс Таван толгой” компаний төв оффис, Төрийн ордон хоёроос хуваагдан машиндаа сууцгаан зэрэг шахуу хөдөллөө. Зуны жиндүүхэн өдрийг бүлээцүүлсэн мэдээ буюу охиныхоо төлөө цуцалтгүй тэмцсэн эрэмгий, дайчин эгэл нэгэн монгол аав төрийн хайр хишгийг нулимстай тосон авч буй үйл явдлыг сэтгэл догдлон өөр хоорондоо ярилцсаар бид их хотын түгжрэлийг төвөггүйхэн давж, зорьсон газар руугаа зам шуударлаа.
Халуун цай, хоол тухлан идэцгээж хол ойрын сонин сайхныг хуучилсаар орой нар жаргахаас урьтан Дундговийн алдарт далан хагархайтай хэцүүхэн замыг дуусгалаа. Улс орны чанартай автозам ч гэлээ удирдсан хүний манлайлал энд дутагдах мэт санагдсаныг шүүмжилмээр авч энэ удаад гол сэдэвтээ анхааръя. Говь өнөө жил ч газрын өнгө гандуухан байх ажээ. Багахан ус амсахад л хөрсөн доороосоо өндийж, их говийн гандуу өнгө төрхийг баянбүрд болгон өөрчилж чадах нялх ногоод хувцас нэвт жиндээх говийн салхинаас “нуугдсан” мэт аниргүйхэн. Малчны гэрт идээ цагаа дэлгэрч, хүн мал хоёрын зоо нуруу тэнийж, номин хөх тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан цэлийж байх дэлгэр цаг атлаа яндан хүүгэтэл үлээх хавар, намрын зэвэргэн салхи урилгагүй зочилж ирсэн аятай хавирга нэвтлэх нь сэтгэл тавгүйтүүлнэ. Гэвч алсад элс нь улааран шаргалтах говийн их уулс, тэр дунд ажрахгүй нүүдэллэж, зохицон амьдарч буй малчдын барааг харахтай зэрэгцэн маргааш илүү сайхан өдөр ирж буй сайхан мэдрэмж давхацсаар зорьсон газраа үдшийн 24.00 цагтай зэрэгцэн хүрч очив.
“Вива сити” нүүгээд иржээ
Энэ үе бол буйдхан сумын төв байтугай их хот маань ч ажин түжин байдалд шилжчихдэг цаг. Гэтэл Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт хүрээд ирэв үү гэлтэй хүмүүс нь холхилдсон хөл хөдөлгөөнтэй орон сууцны хорооллын гадна бид машинаас бууцгаав. Сумын төвийн орон сууцны хорооллын гудамжинд өнгө нэмэх уушийн газар, дэлгүүр, үсчин гээд бүх үйлчилгээг нэг дор цогцлоожээ. Хотын зочид буудлуудаас хол илүү үйлчилгээг бүрдүүлсэн, халуун хүйтэн ус, өглөөний амтат цайтай “Guest House”-д замын алжаалаа тайлан тухалж хоноцгоосон бид өглөө эртлэн сумын төвтэй танилцахаар гарлаа. Энд “Вива сити” хотхон “нүүж” иржээ. “Primeat” брэндийн махны дэлгүүр, герман гутлын дэлгүүр, үсчин, худалдааны төв, хоолны газар гээд юм бүхэн тэнд байна. Их хотын гудамжинд сууж буй аятай гэрийнхээ үүдэнд үдшээр стэйк шаруулж, шарсан салмон загас, дарс шимж, өглөөд зэрэгцэн байх кофе шопуудаас сонголттой үйлчилгээ авч болно. Өнгө алагласан буйдантай, гадна терасстай үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хүргэж чадсан уушийн газар, кофе шопуудын үйлчилгээ нь Цогтцэцийг сум биш хотын стандартад хүргэжээ. Хорооллын ард байрлах хүүхдийн тоглоомын талбайд хөлбөмбөгийн тэмцээн өрнөж, хажууханд нь найман давхар орон сууцны барилгын ажил ид өрнөж, уурхайн ажилчдын автомашинууд зогсоол дүүртэл эгнэж зогссон гээд тэнд та хөгжил дорой, алслагдсан сумын гундуухан төрхийг олж харахгүй. Эсрэгээрээ бүтээн байгуулалт өрнөж, дахин нэг баялаг ордоо үндэсний бүтээн байгуулагчидтай хамтдаа олборлохоор догдолж буй ажилч хичээнгүй уурхайчдыг олж харна. Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа атлаа тэнүүн говь шигээ тэнэгэр, уужим, хараа дээгүүр хачин хөдөлмөрч, чинээлэг говьчуудын өнгө төрхийг олж харна. Өнөөдөр тэд дахин нэг уурхайгаа ашиглаж, Монгол Улсын эдийн засгийг тэжээн тэтгэхээр тухлан сууцгааж буй нь тэр юм.
Ерөнхий сайд Н.Учрал: Бид шинэ замыг сонголоо
Хотын А зэрэглэлд нэлээд өндөр үнэ төлж идэх амтат хоолыг сумын төвийн ресторанд боломжийн үнээр олж идэцгээсэн бид өдрийн нар голлохтой зэрэгцэн зорьсон газар руугаа буюу Бортээгийн ордын олборлолтын талбай руу хөдөлцгөөв. Компаний дотоод ажилчдын хамгаалалтад орцгоон, гялалзах их нүүрсэн далай дундуур сүлжин давхисаар хүрч очиход уурхайчид хэдийнэ цуглацгаан, уригдсан зочдоо хүлээж байлаа. Монгол Улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаад 100 хоноогүй ч “Чөлөөлье” бодлогын хүрээнд олон томхон шийдвэр гаргаж, татвар, бизнесийн орчны чөлөөлөлтийг зоригтой хийж буй залуу Ерөнхий сайд Н.Учрал нэгэн том мега төслийн тээг садааг арилгаж, монголчууд өөрсдөө олборлож, баялгийн өгөөжөөс хэсэг бүлэг нам дагаж хөлжигсөд бус 3.5 сая монголчууд цугаар ашиг хүртэх түүхэн үйл явдлын гэрч нь нийт монголчууд хамтдаа болж буйг үгийнхээ эхэнд онцлов. Түүнийг дагалдан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Уянга, Р.Сэддорж тэргүүтэй зочид мөн хүрэлцэн иржээ.
Тавантолгойн бүлэг орд дотроо нөөцийн хэмжээгээр хоёрдугаарт эрэмблэгдэж буй өмнийн говийн шимт хөрсөнд анхны шанагаа тавьж буй ордыг нээж Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ “Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэлж буй нь баялгийн үр өгөөжийг ард иргэд, орон нутгийн хөгжилд бодитоор үлдээх төрийн бодлогын үргэлжлэл юм. Бортээг бол хариуцлагатай уул уурхайн шинэ жишгийг нэгтгэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл. Монголчууд өөрсдөө олборлон ашиглаж, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх түүхэн үйл явдал юм. Монгол Улсын хариуцлагатай уул уурхайн шинэ жишиг, үндэсний компаниудын чадавхын баталгаа байх ёстой” гэв. Төслийг эхлүүлэхэд хоёр зам байсныг тодотголоо. Нэгдүгээрх нь, богино хугацааны орлого харсан хуучин зам. Хоёрдугаарх нь шударга, ил тод, хариуцлагатай, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьсан шинэ зам. Тэгвэл Н.Учралын Засгийн газар шинэ замыг буюу үндэсний эрх ашгаа эхэнд нь эрэмбэлжээ. Энэ нь гэхдээ гадны хөрөнгө оруулагчид муухай, болохгүй бүтэхгүй гэсэн үг биш бөгөөд хөрөнгө оруулалт бүр ил тод, хариуцлагатай, бодит өгөөж, үлдэцтэй байх үндсэн зарчим хийгээд үндэсний эрх ашиг эхэнд байх учиртайг хэлж байв.
Хурсан олон уурхайчдын уухайн дуу, алга ташилт дор албаны зочид ч ар, араасаа үг хэлцгээлээ. Улсын төсөвт эхний 10 жилдээ 4.4 их наядын татвар хураамж төвлөрүүлэх, ордын ТЭЗҮ батлагдсан нөөц буюу 426 сая тонныг олборлож дуусахад 28 тэрбум ам.долларын ашиг авчрах, “Эрдэнэс Тавантолгой”-н 35 сая тонн нүүрсний экспортыг 15-аар нэмэгдүүлж, 50 саяд хүргэх, 95 хувь нь сайн чанарын коксжих нүүрсний гарцтай Бортээгийн тээг садааг арилгаж буй энэ өдөр УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг баталж буй чухал үйл явдал давхцаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани (IPO) болгох эхлэл тавигдлаа
Бортээгийн ордыг олборлох эхний шанага тавихтай нэгэн зэрэг “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын “БДО” аудитын байгууллага, Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлого бодит амьдралд хэрэгжиж, экспортын гол судас болсон “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани (IPO) болгох ажлын эхлэл болжээ. Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааны үнэлгээ 933 төгрөг байгаа. Компаний нийт үнэлгээг хийлгэвэл энэ тоо багадаа 2000-д хүрэх аж. Албан ёсоор олон улсын санхүүгийн аудит оруулж, санхүү, засаглалыг ил болгохоос гадна олон улсын үнэлгээг оруулсны дараа IPO гаргах ажил эхэлнэ гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компаний Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж хэлж байв.
Тэрбээр, “Урьдчилсан байдлаар 2.6 тэрбумын таамаг нөөцтэй, ТЭЗҮ нь батлагдсан 426 сая тонн нөөцтэй тус ордоос жилд 15 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар цаашдаа 1500 ажлын байр бий болно. Бүлэг ордыг 16 жилийн өмнө олборлож эхэлснээс хойш Цанхийн уурхай 200 сая дахь тонн нүүрсээ олборлосон түүхэн үйл явдал давхацлаа. Энэ хугацаанд 1 тэрбум 64 сая метр.куб уулын цулаар хөдөлгөж, 43.5 их наядын борлуулалтын орлого төвлөрүүлж, улс орон нутгийн төсөвт 12.1 их наядыг татвар төлж, 13 их наядын цэвэр ашиг оллоо” хэмээн амжилтаа бахархан ярилаа.
Уулын ажлын туршлагатай мастер, инженер, техникийн ажилтнууд хийгээд газар доргитол хүнгэнэх хүчирхэг техник тоног төхөөрөмжийн бүрэн хүчин чадлаараа Бортээгийн ордыг бүрэн олборлож чадна гэдгээ уригдсан зочдын өмнө ам бардам хэлж байлаа, тэд. Компаний уурхайн кэмпийн хүчин чадал өнөөдрийн байдлаар 1000 ажилтан, албан хаагчдыг багтаах бөгөөд 500 гаруй ажилтан, алба хаагчдыг хүлээж авах кэмп, байр, дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эхлүүлснээ ч Ерөнхий сайдад танилцуулав. Ерөнхий сайд Н.Учрал харин тус ордыг ашиглахдаа нээлттэй ил тод, иргэдтэйгээ харилцан итгэлцэлтэй, хамтарч ажиллах, нөхөн сэргээлтээ бодитоор хийх, аюулгүй байдал, эрүүл орчныг зарчмаа болгох, үлдэх өгөөж тодорхой хийгээд хэмжигдэхүйц байх гэсэн таван зарчмыг ягштал мөрдөхийг санууллаа.
Морин хуурын хөг аялгуу, Монгол Улсын төрийн дуулал, хөрслөг, хөдөлмөрч уурхайчдын уухайн түрлэг дор 07 номерын эксковаторын оператор Д.Отгонжаргал анхны шанагыг тавьж, баярын салют өмнийн цэнхэр говийн тэнгэр өнгө алаглан буудах нь сэтгэл догдлоох мэдрэмж ажээ. Монголчуудыг ирэх 10, 20 жилд тэжээх нэгэн том орд 3.5 сая монголчуудын баялагтаа эзэн нь байх амлалтыг хэрэгжүүлэхээр ийнхүү гараанаас гарлаа. Гадаа зуны дэлгэр цаг айлчилсан ч хүйтэн салхи хавирга нэвтлэн үлээсэн хэвээр байв. Харин хурсан олны сэтгэл туйлын ихээр “халууцаж” байлаа. Тэд хамтдаа нэгэн шинэ түүхийн гэрч болсон учраас тэр. Монголчууд үндэсний баялгаа өөрсдөө олборлож, үндэсний компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллах учраас тэр юм. Арав гаруй жил уул уурхайн салбартай амьдралаа холбож, том ордын анхны шанагыг татах тод түүхийн гэрч болсон Д.Отгонжаргал шиг мянга, мянган уурхайчид тэнд нэгэн сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаж буй учраас тэр билээ. Ээрэм их говийн хүйтэн салхи, халуун наранд ч үл ажран эх орныхоо эдийн засгийг босгох, эмч, багш хийгээд татвар төлөгч бидний халаасанд орж ирэх мөнгийг олохоор ажиллаж буй мянга, мянган уурхайчид төрийн хуулийг уландаа гишгэлж, төрт ёсны шийдвэрийг умартан худал, хулгайгаар хэн нэгэн хууль зөрчиж олборлож, зарж үрээд дуусгах бус монголчууд өөрсдөө олборлож, баялаг нь Монголдоо, иргэндээ үлдэж буйд туйлын бахархалтай буйгаа биднээр дамжуулан монголчуудад хүргэхийг хүссэн юм. Тэд ажлаа хийж чадна, чадах ч болно.
Монголын заяа их
Тэгвэл уурхайчдын олборлож буй шинэ тутам хэмжээ нь нэмэгдэж буй нүүрсийг экспортод гаргах гарц, шинэ боломжуудаа бүрдүүлж чадсан уу гэдэгтэй танилцахаар Ерөнхий сайд Н.Учрал Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай энэ өдрүүдэд биечлэн танилцлаа.
Экспортын шинэ боломжийг бүрдүүлэх энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор байнгын 200, түр 800 ажлын байр шинээр бий болохоос гадна нүүрсний экспорт 30 сая тонноор нэмэгдэж, орлого нь 1.5 тэрбум ам.долларт хүрэх аж. Ингэснээр жилдээ Монгол Улс 70 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэх юм. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 33.38 хувийн гүйцэтгэлтэй өрнөж буй бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцааны нэгэн шинэ түүхийг бичиж буй томоохон бүтээн байгуулалтад монгол инженер, монгол залуус бахархалтайгаар хичээнгүйлэн ажиллаж байна.
Төрийн бодлогын залгамж халааны биелэл болж, нэг өдөр, цаг минутаар ч тасалдахгүй өрнөж буй нүсэр бүтээн байгуулалтад гар бие оролцож буй алба хаагчдад Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, төслийг хугацаанд нь буюу 2027 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахын төлөө төрийн бодлогоор тууштай дэмжиж ажиллана хэмээлээ. Нүүрс экспортын олон зуун жолооч нар энэ өдөр Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй уулзан жаргал, зовлонгоо уудалцгаалаа. Говийн их талд өдөр бүхэн, цаг минут бүр бүтээн байгуулалт өрнөж байгаагийн ердөө хоёр нь энэ. Цаана нь улсын эдийн засагт оруулах татвар, улс орны хөгжилд дэвшил, нийт олон монголчуудын баялгийн тэгш хуваарилалтын төлөө хэчнээн олон бүтээн байгуулалт шинээр өрнөж, хэдэн мянган хүн чимээгүйхэн хөдөлмөрлөж буйг тааж мэдэхгүй ч тэдний хичээсээр байгааг зах зухаас нь мэдрэх хэчнээн бахархалтай.
Өмнөх ажлаа үнэнчээр хийж, өглөө бүр ургах нартай уралдан уурхайн талбар руу гарч, хүчит техник хийгээд хүний гараар гайхамшиг бүтээж буй уурхайчдаараа бахархсан хоёр өдрийн томилолт ийнхүү өндөрлөж, ням гарагийн үдэш их хотдоо эргэн ирэв. Жиндүүхэн хүйтэн зуны үдэш их хот маань тэр чигээрээ амар амгалан орших ажээ. Хаа нэгтээ рүү яаран алхах олон, олон монголчуудын нэг нь магад маргааш бидний шанг нь татчихаад ирсэн Бортээгийн ордод ажиллах 1500 ажилтны нэгээр сонгогдож, үүргэвчээ үүрч, үрээ, ханиа үнсээд их говь руу хөдлөх байх даа гэж бодохоор сэтгэл нэг л дулаахан. Монголын олон өрх гэрийн үүдээр орох, монгол залуусын ур ухаан, ажиллах эрч хүчийг шавхах, 1500 өрх айл, цаашлаад 3.5 сая монголчуудын амьдралд бодит өөрчлөлт авчрах Бортээгийн ордыг тээгийг ийнхүү арилгаж чадлаа. Монголын заяа их гэдэгсэн.