Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.Мөнхтайванд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд түүнд торгох ял оноожээ.
Тодруулбал,
- А.Мөнхтайван нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017-2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан "М..." ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас 2018-2022 онд хоёр удаагийн үйлдлээр нийт 439 сая төгрөгийн хахууль авсан,
- Б.Цэнд-Аюуш нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа төслийн туслан гүйцэтгэгч "М...”ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас 2020 онд 4.7 сая төгрөгийн эрүүл мэндийн матрас, 2021 онд амралтын газрын урьдчилгаа төлүүлж нийт 8.7 сая төгрөгийн хахууль авсан;
- Д.Энхтуяа нь 2017 оноос Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан А.Мөнхтайван, Б.Цэнд-Аюуш нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,5 дэх хэсэг (хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.Мөнхтайван, Б.Цэнд-Аюуш нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Мөнхтайваныг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, Б.Цэнд-Аюушийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, Б.Энхтуяаг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Түүнчлэн А.Мөнхтайванаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 439 сая төгрөг, Б.Цэнд-Аюушаас гэмт хэрэг үйлдэж олсон 8.7 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.