Улаанбаатар хотод олон жил “дуншиж” байгаа ч дуусаж өгдөггүй хэдэн төслүүдийн нэг бол Сэлбэ голын тохижилтын ажил билээ. 2023 онд Сэлбэ гол үерлэсний дараагаас эхэлсэн Дунд голын эхээс Натурын гүүр хүртэл 1.4 км үргэлжлэх үерийн түшиц хана барих ажил 2025 оны есдүгээр сард дуусаж, ажлаа хүлээлгэн өгсөн.
ВИДЕО:
Үргэлжлүүлэн явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хариуцах “Силла групп” ажлаа хүлээн авсан бөгөөд энэ зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байсан ч мөн л дуусах хугацаа хойшлоод байна. Үерийн түшиц хана барих болон урсац тохируулгын ажлыг нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөгөөр “Билгүүн консракшн” ХХК хийж гүйцэтгэсэн байдаг. Харин тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс ₮6.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг.
Тэгвэл энэхүү хийж дуусаагүй байхдаа үерт урсах гээд буй тохижилтын ажлын зураг төслийг "Престиж инженеринг" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд зураг төслийн ажилд 520 сая төгрөгийг зарцуулсан байж магадгүй байна.
“Туул, Сэлбэ голын тохижилт, үерийн хамгаалалтын барилга байгууламж, усан сан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах” гэх нэртэй тендерийн ТЭЗҮ дээрх “Даалгавар шинэ” гэх баримт бичигт, “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд "Престиж инженеринг" ХХК нь Хот Төлөвлөлт, Судалгааны Институт ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан, усны барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл болон усны барилга байгууламжийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн болно” хэмээн хавсаргасан байгаа юм.
-ДАХИН ҮЕРЛЭНЭ ГЭЖ ТООЦОЖ ҮЕРИЙН ХАНА БОСГОСОН Ч ХАНАН ДУНДАА 6.2 ТЭРБУМААР ТОХИЖИЛТ ХИЙЖ БАЙНА-
Гэвч зураг төслийг гаргасан "Престиж инженеринг" компани тохижилтын ажил хийгдсэнээр гол дахин үерлэхгүй гэж бодсон уу эсвэл Улаанбаатар хотод дахиж их хэмжээний бороо орохгүй гэж найдсан уу гэмээр ажлыг эхлүүлснээр 6.2 тэрбум төгрөгийн тохижилтын ажил эхэлж байжээ.
2025 онд "Престиж-Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг нэгэн ярилцлагадаа “2005 оноос барилгажилт ихсэж, Сэлбэ голын голдирол нарийссан. Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын зүүн эргээр буюу зүүн талын барилгуудын дундуур голын голдирол урсаж байсан. Голын голдирлыг шахаж барилгууд барьсан учраас барилгуудыг буулгах эсвэл түшиц хана барихаас өөр сонголтгүй болсон. Түшиц хана барих хамгийн зөв шийдэл бол дээр дурдсан тэгш өнцөгт огтлолцол бүхий өндөр түшиц хана. Энэ нь дэлхийн хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг” гэж байжээ.

Тус газраар салхилж байсан иргэдийн хувьд сүүлийн сар гаруй хугацаанд олигтой ажил огт хийгдээгүй гэдгийг тодотгосон юм. Тэрбээр, "Өнгөрсөнзургаадугаар сард дуусах ёстой байсан ч одоо хүртэл дуусаагүй хэвээр л байна. Яагаад энэ ажлыг ингэж удаан хийж байгааг ойлгохгүй байгаа. "Удах тусам л улсын мөнгө байгаа байх гэж бодогддог" гэсэн юм.


