“Газрын тосны хайгуул”-ыг тэмцэгчид гацааж, Л.Оюун-Эрдэнэ шатахуун нөөцлөх “стратегийн сав”-ыг бариагүй

“Газрын тосны хайгуул”-ыг тэмцэгчид гацааж, Л.Оюун-Эрдэнэ шатахуун нөөцлөх “стратегийн сав”-ыг бариагүй

“Оросоос 600 төгрөгөөр автобензинээ аваад бидэнд нугалж зардаг гэсэн. Мэдэхгүй юм. Хоёр цаг л зогсоод өгчих гэсэн" хэмээн төв талбайд автобензиний хомсдолыг эсэргүүцсэн жагсаалын үеэр нэг иргэн ийнхүү ярих ажээ. Түүнээс геополитик, олон улсын газрын тосны зах зээл, Орос-Украины дайн, Монголын боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн асуудал асуух нь илүүц. Аль ч нийгэмд "хоцрогдсон" ийм хэсэг бий.

Харин ийм хүмүүсийн бухимдлыг ашиглан суртал ухуулга хийх шиг амархан зүйл үгүй. Үүнийг ч бас олон жил хийж ирсэн хэсэг бий. “Эх оронч”, “тэмцэгч”, "эсэргүүцэгч" нэртэй хүмүүс орон нутгийн иргэдийн бухимдлыг ашиглан монголын томоохон, стратегийн төслүүдийг эсэргүүцэж, гацааж, зогсоож ирсэн жишээ цөөнгүй. Өнөөдөр тэр бүхний үр дагаврын нэгийг бид шатахууны хомсдолоор хараад сууж байна.

Монгол Улс далайд гарцгүй. Газрын тос, төмөр зам, цахилгаан, шатахуун зэрэг стратегийн хэрэгцээгээ гаднын эх үүсвэрээс өндөр хамааралтай. Гэхдээ энэ хамаарлыг бууруулах боломжууд байсан. Харин тэр боломж бүрийн өмнө “тэмцэгчид”, “эх орончид” гарч ирж байсан. Газрын тосны хайгуулыг хүртэл “эх орноо ухаж байна” болгосон. Газрын тосны хайгуул гэдэг нь газрын тосоо шууд олборлоод эхэлж байна гэсэн үг биш. Энгийнээр хэлбэл, газрын тос хаана байгаа эсэхийг олох судалгаа. Гэтэл энэ судалгааг хүртэл “эх орныг минь ухаж байна”, “баялгийг минь авч байна” гэх уриагаар эсэргүүцэж, зарим төслийг зогсоож ирсэн.

Тухайлбал;

"ТЭМЦЭГЧИД БОЛОН ОРОН НУТГИЙН ИРГЭД ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫГ ЗОГСООЖ ИРСЭН"

Нэгдүгээрт, 2015 онд “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХК Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, “Увс I” талбайд найман жилийн хугацаатай газрын тосны хайгуул эхлүүлжээ. Тус компани 2015 онд Увс аймгийн Малчин сумын нутагт хоёр цооног өрөмдсөн байна. Харин 2016 онд Наранбулаг, Тэс, Зүүнговь сумдын нутагт хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээр төлөвлөсөн боловч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, хайгуулын ажил зогсжээ. Тухайн үеийн мэдээллээр Тэс суманд 130 км, Зүүнговь суманд 200 км тууш талбайд судалгаа хийхээр төлөвлөсөн байсан бөгөөд компани ажилтнуудынхаа аюулгүй байдлыг харгалзан ажлаа зогсоосон гэж тайлбарлаж байв.

Хоёрдугаарт,  2011 онд Монгол Улсын Засгийн газар “Дарьганга-XXIV” талбайд газрын тосны хайгуул хийх бүтээгдэхүүн хуваах гэрээг БНХАУ-ын хөрөнгө оруулагч “Апекспро инвестмент лимитед” компанитай байгуулжээ. Сүхбаатар аймгийн 10 сумын газар нутгийг хамарсан уг хайгуулын ажлыг орон нутгийн иргэд, лам нар эсэргүүцсэн.

Тухайлбал, Дарьганга сумын Жамбадаржайлан хийдийн тэргүүн лам Б.Цогтбаатар, Хатавчийн хийдийн тэргүүн лам Г.Цэрэндорж нар газар нутгаа хамгаалах байр суурийг хүчтэй илэрхийлж байв.

Тухайн үед 700 гаруй иргэн хайгуулын лицензийг цуцлахыг шаардсан талаар мэдээлж байжээ. Улмаар 2016 онд гэрээний эрх, үүргийг “Монголиа Шин И Энержи” ХХК-д шилжүүлсэн бөгөөд Засгийн газар 2022 онд гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр тус компанитай байгуулсан гэрээг цуцалсан. Харин 2026 онд “Дарьганга-XXIV” талбайг дахин сонгон шалгаруулалтад оруулаад байна.

Гуравдугаарт, 2019 онд үндэсний хөрөнгө оруулалттай “Петро Матад” ХХК Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаас баруун хойш 70 гаруй км-т орших Хашаат гэх газарт газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлжээ. Тус хайгуулыг “Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ-ын тэргүүн Ч.Адъяасүрэн, “Намгүй Монгол” хөдөлгөөний тэргүүн Л.Өнөрчимэг, “Ард түмний штаб”-ын тэргүүн Б.Жагар, “Босоо Хөх Монгол” ТББ-ын хүмүүс, иргэн Б.Даваадорж, “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Машинтай жагсаал” зэрэг байгууллага, хөдөлгөөнүүд эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар, “Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий.

Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Монголын нэгэн аж ахуйн нэгж нефтийн өрөмдлөг хийж байхад нь үндэсний үзэлтэй ТББ очиж зогсоосон.

Хожим нь тусгай албадын олж авсан мэдээллээр яг хилийн цаана нь нефть олборлодог Хятадын компани байсан байгаа юм. Тухайн компанийн санхүүжилтээр улс төрийн акц хийсэн тухай мэдээлэл орж ирсэн. Жагсагчдын цаана заавал нэг зорилго, эсвэл улс эх орноо хорлох агуулга бүхий гаднын санхүүжилт явдаг” гэж мэдэгдэж байсан юм. 

Дөрөвдүгээрт, 2024 онд “Хэрлэнтохой XXVIII” талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай найман жилийн хугацаатай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуулд 49.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, 13 цооног өрөмдөхөөр төлөвлөсөн байна. Уг хайгуулын талбай нь Дорнод аймгийн Халхгол, Матад, Булган, Хөлөнбуйр сумдын нутгийг хамардаг. Гэтэл 2026 оны наймдугаар сарын 14-нд Г.Солонго, Г.Адилбиш нарын "тэмцэгчид" хайгуулын талбайд очиж, өрөмдлөгийн ажлыг зогсоохыг шаардсан. Энэ асуудал хоёр улсын гадаад харилцааны хэмжээнд хүртлээ өндрөө авсан. 

Энэ бол ганц хоёр хүний санаандгүй үйлдэл биш. Монголд стратегийн төслүүдийг “эх оронч” нэрийн дор эсэргүүцэж, олон нийтийн бухимдлыг өдөөж, эцэст нь ажлыг нь зогсоосон жишээ олон бий.

Мэдээж иргэдийн байгаль орчин, газар нутаг, амьдралын орчноо хамгаалах эрхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хайгуулыг олборлолттой адилтгаж, газрын тос байгаа эсэхийг ч мэдэхээс өмнө “баялгийг минь ухах гэж байна” гэж орилж, төслийг зогсоох нь эх оронч үйлдэл огт биш. Энэ асуултыг өнөөдөр тэднээс асуух цаг болсон. Учир нь өнөөдөр бид үр дагаврыг нь эдэлж байна. Хайгуул хийгээгүй бол орд олдохгүй. Ордоо олоогүй бол олборлолт байхгүй. Олборлолтгүй бол боловсруулах үйлдвэр түүхий эдгүй. Тиймээс өнөөдөр бензин дуусахад ганцхан импортлогч, ганцхан сайд, ганцхан Засгийн газрыг буруутгаад асуудал дуусахгүй. Өнгөрсөн хугацаанд стратегийн төслүүдийг зогсоож ирсэн улс төр, популизм, “эх оронч” нэртэй туйлширсан тэмцлийн үр дагаврыг ч ярих ёстой.

"ОЛОН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АГЕНТЛАГИЙН ГИШҮҮН ОРНУУД БАГАДАА 90 ХОНОГИЙН ЦЭВЭР ИМПОРТТОЙ ТЭНЦЭХ ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦТЭЙ БАЙДАГ"

Нөгөө талд төрийн бодлогын алдаа бий. Дэлхий дээр улс орнууд дайн, хориг, ложистикийн саатал, нефтийн үйлдвэрүүдийн доголдлоос үүдэх эрсдэлийн үед ашиглах стратегийн шатахууны нөөц бүрдүүлдэг. Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд ч дор хаяж 90 хоногийн цэвэр импорттой тэнцэх хэмжээний газрын тосны нөөцтэй байх зарчимтай. Орос-Украины дайн эхэлсэн 2022 онд энэ эрсдэл бүр ч тодорхой болсон. Дайн эхэлсний дараахан Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд стратегийн нөөцөөсөө газрын тос гаргах хүртэл шийдвэрлэж байв. Өөрөөр хэлбэл, Оросын нийлүүлэлт, ложистикийн эрсдэл бодит болохыг дэлхий тэр үед л ойлгочихсон байсан.

"Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН АЛДСАН БОЛОМЖ"

Гэтэл Монгол Улс стратегийн нөөцөө тэр үеэс хангалттай хэмжээнд бүрдүүлж чадсангүй. Тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон жил ажиллаж, улсын төсөв ч үлэмж тэлсэн ч шатахууны нөөцийн сав, агуулахын асуудлыг тоогоогүй. Харин одоо дараагийн Засгийн газар энэ ажлыг эрчимжүүлж байна. 2026 оны долдугаар сарын мэдээллээр 18 аж ахуйн нэгжийн 22 агуулах барьж, өргөтгөн, нийт 300 мянган м³ хүчин чадал нэмэгдүүлэхээр ажиллаж байсан бөгөөд энэ нь ойролцоогоор нэг сарын хэрэглээний нөөц хадгалах боломж бүрдүүлэх зорилготой. Есдүгээр сарын 23-нд “Сан Петролиум”-ын 16,000 м³ шатахуун хадгалах сав ашиглалтад орсон. Энэ ажлыг 2026 онд биш, 2022 онд эхлүүлсэн байх ёстой байсан гэсэн үг.

Товчхондоо, өнөөдрийн асуудалд ганц Г.Дамдиннямыг буруутгаад дуусахгүй. Өмнөх Засгийн газруудын бодлогын алдаа бий. Нөгөө талд олон жилийн турш стратегийн төслүүдийг эсэргүүцэж, хайгуулыг хүртэл зогсоож ирсэн “эх оронч”, “тэмцэгчид”-ийн хийсэн үйлдлийн үр дагавар ч бий. Өнөөдөр бид тэр бүхний горыг эдэлж байна.

Геополитикийн өнөөгийн хямрал нэг өдөр дуусна. Харин нэг улсаас хэт хамаарахын эрсдэл, стратегийн нөөцгүй байхын зовлон, төсөл бүрийг “эх оронч” нэрийн дор зогсоохын хор уршгийг Монголчууд одоо ойлгосон байх учиртай. Хайгуул хийдэг, олборлодог, боловсруулдаг, нөөцөлдөг, нийлүүлэлтээ төрөлжүүлдэг улс л хямралын үед өөрийгөө хамгаалж чадна.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө