Орос, Украины дайнд олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгос руу шилжүүлэхтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгосон асуудлаар Украин улс уучлалт гуйхгүй бол цаашид арга хэмжээ авна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён анхааруулжээ.
Учир нь Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгос руу шилжүүлсэн асуудлыг олон нийтэд мэдээлсэн нь Сөүлийн дургүйцлийг төрүүлсэн юм.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха өчигдөр /2026.10.01/ уг асуудлыг “дипломат үл ойлголцол” хэмээн тодорхойлж, Киев нөхцөл байдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд уг асуудал нь “Солонгосын ард түмэн, үндэстний нэр төр”-тэй холбоотой гэж X сүлжээнд бичсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, цэргүүдийг шилжүүлэх асуудлыг нууц байлгах хүсэлтийг Украины тал өөрөө тавьжээ. Энэ нь цэргүүдийн ар гэрийнхнийг хамгаалах, мөн тэднийг Украины олзлогдсон цэргүүдээр солилцох боломжийг алдсан гэх шүүмжлэлээс зайлсхийх зорилготой байсан аж.
Гэвч В.Зеленскийн ажлын алба хоёр улсын хооронд уг мэдээллийг нууцлах талаар ямар нэгэн тохиролцоо байгаагүй гэж мэдэгдсэнээр маргаан улам хурцаджээ. Үүний дараа Ерөнхийлөгч Ли Жэ Мён дотооддоо шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд Өмнөд Солонгосын сөрөг хүчин түүнийг Пхеньяны байр суурийг харгалзан уг асуудлыг нуун дарагдуулсан гэж буруутгасан байна.
Тэгвэл Оросын талд байлдаж байсан Хойд Солонгосын цэргүүдийн дундаас олзлогдсон дээрх хоёр цэрэг өмнө нь Украины хэвлэлд Өмнөд Солонгос руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.
Украины Гадаад хэргийн сайд Сибиха уг асуудал тун удахгүй шийдэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгосыг Украины хувьд чухал түнш хэмээн тодорхойлж, хоёр улсын хамтын ажиллагаа цаашид үргэлжилж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Орос улс 2022 онд Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Өмнөд Солонгос Киевийг дэмжиж ирсэн ч, "дайнд оролцож буй улсуудад хөнөөлт зэвсэг нийлүүлэхгүй байх бодлогоо баримталсаар байгаа юм."
Эх сурвалж: BBC