Г.Занданшатарын өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ: Салхитын мөнгөний орд, Авдрант хайрхантай холбоотой мэдээллийг шалгуулахаар ЦЕГ, АТГ-т хандана

Г.Занданшатарын өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ: Салхитын мөнгөний орд, Авдрант хайрхантай холбоотой мэдээллийг шалгуулахаар ЦЕГ, АТГ-т хандана

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед Г.Занданшатар гэдэг хүнтэй холбоотой илт худал мэдээллийг төрийн албан тушаалтан, албан тушаалын байдлаа ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа тарааж байгаа. Нэр бүхий сэтгүүлч мөн энэ хүнтэй холбоотой асуудлыг илт худал гадаад мэдээг орчуулан түгээх асуудал гаргаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг ЦЕГ, АТГ-д шалгуулах зорилгоор мэдээлэл хийж байна. Үндсэндээ 2-3 асуудал байгаа.

Нэгдүгээрт, Салхитын мөнгөний орд. Энэ ордоыг одоогоос найм орчим жилийн өмнө БНХАУ-ын иргэн хууль бусаар эзэмшилдээ авсан байсан. Энэ ордоос болж гадаад иргэд хоорондоо маргалдаад энэхүү маргаанд Монголын хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд, Улсын Дээд шүүхийн нэр бүхий шүүгч нар мөн холбогдон шалгагдаж байсан. Улмаар хууль хяналтын байгууллагад их хэмжээний авлигын мөнгө өгөхөөр хадгалж байсан асуудал гарсан. Тухайн үед Г.Занданшатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Салхитын мөнгөний ордын асуудлыг цагдаа, тагнуулын байгууллагын тусламжтайгаар тусгай ажиллагаа явуулж төрийн мэдэлд авсан. Үүнтэй холбоотой нэр бүхий албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээж, авлигын мөнгийг улсын төсөвт тушаасан байдаг. Ингээд 2020 онд бие даасан хууль батлуулаад Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэсэн. Өнөөдрийн байдлаар Салхитын мөнгөний орд “Эрдэнэс Монгол” компанийн 100 хувь эзэмшилд байгаа.Улсын төсөвт их хэмжээний мөнгө хуримтлуулдаг компани болсон.

Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар энэ Салхитын мөнгөний ордыг гэмт хэргийн замаар гадаад иргэдийн эзэмшилд очсон байсныг нь Монгол Улсын төрийн эзэмшилд авах ажлыг Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу оролцсон албан тушаалтан байсан. Гэтэл дээрх авлига албан тушаалын шугамаар оролцсон, гурван шатны шүүхээр ял шийтгэл авсан этгээдүүд ялаа эдэлж дууссаны дараа Г.Занданшатарын нэр хүнд алдар хүндийг гутаах, магадгүй цаад ашиг сонирхол нь энэ их хэмжээний мөнгө олдог ордыг буцааж авах ашиг сонирхол байж болзошгүй нөхцөл байдал байгаа. Тиймээс энэ асуудлыг шалгуулах ёстой. Ялангуяа Салхитын мөнгөний ордтой холбоотой Монгол төрийн хууль ёсны дагуу явагдсан үйл ажиллагааг хятад хэл дээр орчуулан тарааж байгаа нэр бүхий сэтгүүлч хүртэл бий.

Хоёрдугаарт, 2026 оны есдүгээр сарын 16-нд Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан С.Амарсайхан гэж хүн хэвлэл мэдээллийн хурал хийсэн. Ингэхдээ тодорхой баримтыг илт худал мэтээр тайлбарласан. Нэг жишээ дурвал, Авдрант хайрхан нүүрсний ам гэдэг ашигт малтмалын лицензийг А.Намсаманд Г.Занданшатар нар хувьдаа авч ашиглах гэж байсныг бараг би зогсоолоо гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Ийм ноцтой мэдээлэл хийхдээ ямар ч баримт үзүүлээгүй, дурдаад өнгөрсөн байдаг" хэмээн ярилаа.