Б.Мөнхтамир: Benzin.mn сайтаар дамжуулан хаана, ямар төрлийн шатахуун олгож буйг шууд харах боломжтой

Б.Мөнхтамир: Benzin.mn сайтаар дамжуулан хаана, ямар төрлийн шатахуун олгож буйг шууд харах боломжтой

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны шуурхай штабын хүрээнд шатахууны хангамж, түгээлт болон дамлан худалдахтай холбоотой зөрчлийг шалгаж байна. Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн түвшинд байгаа бөгөөд шатахуун түгээх станцууд ямар төрлийн шатахуун олгож байгаа, дараалалтай эсэх талаарх мэдээллийг Benzin.mn сайтаар дамжуулан иргэдэд нээлттэй хүргэхээр болжээ.

ВИДЕО: 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирын мэдээлснээр, цагдаагийн байгууллагад нийт 786 дуудлага, мэдээлэл ирснээс 72 нь давхардсан тоогоор бүртгэгдсэн бөгөөд зөрчлөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон 159 мэдээлэл байна. Харин ирсэн мэдээллүүдээс хэрүүл маргаантай холбоотой 431, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээхтэй холбоотой 33, бусдын эрүүл мэндийн эсрэг 36, шатахууныг дамлан зарсан 23 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдол бүрд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан худалдахтай холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

2026 оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний үлдэгдэл 22 мянган тонн буюу 90 хоногийн хэрэглээ, АИ-95 автобензиний үлдэгдэл 2,079 тонн буюу 17 хоногийн хэрэглээ, дизель түлшний үлдэгдэл 108 мянган тонн буюу 27 хоногийн хэрэглээ, онгоцны түлшний үлдэгдэл 7,081 тонн буюу 34 хоногийн хэрэглээтэй байна.

Энэ сард хойд, урд хөрш болон гуравдагч улсуудаас нийт 78 мянган тонн шатахуун нийлүүлэхээр төлөвлөснөөс АИ-92 автобензиний 38 мянган тонн нь өнөөдрийн байдлаар орж ирсэн бөгөөд бусад шатахуун тээвэрлэлтээр замд явж байгаа аж. Мөн БНХАУ, БНСУ зэрэг гуравдагч улсаас АИ-92 автобензин импортлох хэлцэл хийж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр БНСУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар хэлэлцэж байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч шатахуун импортлох чиглэлээр ажиллаж байгаа юм.

Түүнчлэн гуравдагч улсаас импортолж буй АИ-92 автобензиний үнэ 550 орчим төгрөгөөр өссөнтэй холбоотой асуудлыг Монополын эсрэг газар шалгаж байна. Арав хоногийн өмнөх Шуурхай штабын хуралдаанаар аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг шалгах үүрэг өгчээ.

Шатахууны хангамжийн талаарх мэдээлэл нээлттэй бус байгаа нь иргэдийн бухимдлыг үүсгэж байгаатай холбоотойгоор АМГТГ-ын дотоодын шатахууны менежментийн системийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж буй Benzin.mn платформтой холбох ажил хийсэн байна. Ингэснээр иргэд аль шатахуун түгээх станцад ямар төрлийн шатахуун олгож байгаа, дараалалтай эсэхийг цахимаар харах боломжтой болох юм. Мөн шатахуун байгаа атлаа олгохгүй байгаа шатахуун түгээх станцуудыг газар дээр нь шалгах боломж бүрдэж байгааг хэллээ.