СУРВАЛЖИЛГА: Баавгайг устгаснаас хойш эргүүл, хяналт суларч тэр хавийн айлууд “Дахин баавгай дайрах вий” гэсэн айдастай амьдарч байна

СУРВАЛЖИЛГА: Баавгайг устгаснаас хойш эргүүл, хяналт суларч тэр хавийн айлууд “Дахин баавгай дайрах вий” гэсэн айдастай амьдарч байна

Манай улсад том, жижиг ямар ч асуудлыг хэд хоног бүгд “шуураад” л мартдаг болсон. Сүүлд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү энэ сарын 7-8-нд шилжих шөнийн 01.00 цаг орчимд баавгай дайрч, улмаар 40 насны эрэгтэй хүний аминд хүрч, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Тус хэрэг гарсан өдрийн 22.00 цаг орчимд хүний амь хөнөөсөн байж болзошгүй баавгай устгаж холбогдох албаны хүмүүс шинжилгээ хийж, хүн идсэн гэх баавгай мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа билээ.

ВИДЕО:

-ХЭРЭГ ГАРАХЫН ӨМНӨ ХОЁР УДАА БААВГАЙ ХАРАГДСАН УЧИР НЭГ БААВГАЙГ УСТГАЛАА ГЭЭД САНАА АМАР Ч БОЛОХГҮЙ-

Гэтэл хүн идсэн баавгай мөн эсэх ч тодорхойгүй байхад хүн амь эрсэдсэн газрын ойр орчмын эргүүл хяналт суларсан талаар иргэд мэдээллээ. Тухайн газрын хувьд хоёр талаараа өндөр эгц уултай, модтой учир үзэгдэх орчин хязгаарлагдмал. Мөн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Бурхантын хошуу гэх газарт өмнө хоёр ч удаа баавгай үзэгдэж байсан гэхээр нэг баавгайг устгалаа гээд яав ч тайвширч болохооргүй байгаа юм.

Аравдугаар сарын эхээр тус газарт нэгэн баавгай айлын хашаа руу орж хаалгыг нь эвдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Мөн тус газарт аравдугаар сарын 5-н орчимд шөнө нэгэн баавгай мотоциклтой хүний гэрлийн тусгалд харагдсан бөгөөд Шарын ам руу хөөж гаргасан гэх зүйлийг нутгын иргэд ярьсан байдаг. Магадгүй тухайн газарт ганцхан баавгай гэдгийг тогтоогоод түүнийгээ устгасан бол санаа амар байж болох ч хэд хэдэн удаа баавгай харагдсан тохиолдол байна.

Баавгайн мөр

Баавгайн халдлагад өртсөн гэрийн суурийг цэвэрлэж байв. 2026.10.08

-"ХЭЗЭЭ БААВГАЙ ДАЙРАХ БОЛ ГЭСЭН АЙДАСТАЙ АМЬДАРЧ БАЙНА"-

Тэгвэл манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны иргэдээс эргүүл, хяналт гарч байгаа эсэх, хяналт сул байвал баавгайн айдастай байгаа эсэх талаар нэхэн сурвалжиллаа. Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны иргэн,

“Хэд хоногийн өмнө хоёр машин энүүгээр эргүүл хийж байгаа болтой явж байсан. Тэрнээс хойш ямар нэгэн эргүүл байгаа зүйл харагдаагүй байна.

Баавгай ороод ирвэл яана аа гэсэн айдастай л амьдарч байна. Баавгай дайрвал яаж хамгаалахаа ч мэдэхгүй л байна” гэлээ.

Манай сурвалжлах баг тус айлаас гараад хойш чиглэлтэй уулын амруу өгсөхөд нэгэн байшинтай айл байсан юм. Тус айлын эзэн, “Манайх энд байнга байдаггүй, маргааш орой хот руу буцах байх. Мөн манайх байшинтай учир баавгай дайрвал гайгүй байх гэж бодож байна. Гэхдээ л бид байшингийнхаа хоёрдугаар давхарт гарч унтаж байгаа. Оройн цагаар гарч бие засахаас эхлээд л хэцүү байна. Манайх ч одоо байнга байдаггүй учраас яваад өгнө. Харин энэ хавиар байнгын нутагладаг хүмүүст л үнэхээр их санаа зовж байна. Баавгай хүний аминд хүрээд байхад биеэ хамгаалар ганц ч зүйлгүй л байна даа” гэлээ.

Харин Бурхантын хошууны баруун аманд нутагладаг нэгэн малчин, “Манайх энэ газарт ирээд ирээд хоёр гаруй жил болж байна. Энэ жилээс өмнө ганц ч удаа баавгай харагдаж байгаагүй. Энэ жил л баавгай их байна.

Хүний амь хохирсон тус шөнө манай гэрийн орчмоор баавгай дуугарч нохой гасалж зугтаагаад, үхэр мал мөөрөлдөөд байсан. Тэгээд удалгүй урагшаа нохой шуугиулаад л яваад өгсөн. Тэр шөнөдөө бид маш их айдастай хоносон.

Тэгсэн өглөө нь босоод ирсэн чинь баавгай хүн бариад идчихлээ гэсэн. Бид үнэхээр айдастай амьдарч байна. Амиа хамгаалах ямар буу зэвсэг байхгүй. Арга ядахдаа барьж дуусаагүй байгаа байшиндаа орж хонож байгаа” гэлээ.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө