Л.Эрдэнэболд: "Шаргалхан намраар" анхны тоглолтондоо ээжийнхээ урд ээжийн дуунуудаа дуулах тул их баярлаж бас сандарч байна

Л.Эрдэнэболд: "Шаргалхан намраар" анхны тоглолтондоо ээжийнхээ урд ээжийн дуунуудаа дуулах тул их баярлаж бас сандарч байна

Isee.mn мэдээллийн сайт Social ID булангийнхаа энэ удаагийн дугаарт Уртын дуучи, бөх цоллооч Л.Эрдэнэболдыг урьж ярилцлаа. Түүний хувьд аравдугаар сарын 23-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө "Шаргалхан намраар" уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо сонсогч түмэндээ өргөн барих гэж буй билээ. 

ВИДЕО: 

 

- Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

- Баярлалаа. Намайг Л.Эрдэнэболд гэдэг. Архангай аймгийн Эрдэнэ-Уул суманд төрсөн уртын дууч мэргэжилтэй. СУИС-д 2010 онд элсэн орж, 2015 онд МУАЖ А.Нэргүй багшийнхаа удирдлаганд уртын дуучин мэргэжлээр суралцан төгсөж байлаа.

- Аав ээж тань ямар ажил мэргэжилтэй хүмүүс байв. Хүүхэд насныхаа талаар дурсаж яривал...

- Аав минь Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. Ээж маань Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат. Аав ээж хоёр минь хоёулаа жирийн малчин хүмүүс байсан юм. Би багаасаа л дуулдаг байсан. Мэдээ орсон цагаасаа гэчихсэн ч болмоор юмуу.  Хүүхэд байхаасаа л малынхаа хойноос явахдаа амандаа дуу аялаад л явдаг байсан. Дараа нь сургуульд ороод яг дуулах авьяас маань эхэлсэн байх гэж боддог юм. Голчлон дөрөвдүгээр ангиасаа дууны тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Анхны тайлан тоглолтоо Архангай аймгийнхаа сургуульд есдүгээр ангид байхдаа хийж байлаа шүү дээ. Болоогүй бүр аймгийнхаа сумдаар тойрч аялан тоглолт маягийн юм ч зохион байгуулж байсан.

- Танай удамд ер нь дуучин хүмүүс байсан уу? 

- Миний өвөө аав их сайхан дуулдаг хүмүүс байсан юм. Аав минь бас сайхан дуулдаг. Ер нь манай ах, эгч нар их сайхан зөв хоолойтоо хүмүүс байдаг юм шүү. Би чинь есөн хүүхэдтэй айлын отгон хүүхэд юм. Надаас бусад нь бүгд мал малладаг. Хэрвээ сургууль соёлд нь сураад явсан бол надаас ч илүү дуулчихаж мэдэх л хүмүүс бий.

Уртын дуучин Л.Эрдэнэболд

- Аав ээж, гэр бүлийнхэн нь урлагийн авьяасыг нь дэмждэг байв уу? 

- Гэр бүлийнхэн маань харин ч жоохон дургүй, эсэргүүцдэг байсан шүү. /инээв/ Шөнө орой гонгинолоо гээд л тэр үед хүмүүс ярьдаг байсан юм. Гэхдээ би айлын бага болохоор их эрх байсан л даа. Аавыгаа амьд сэрүүнд нэг үхрийг нь зараад утас авхуулчих жишээний. Тэр утсан дээр мэдээж дуу татаж аваад л өдөр шөнөгүй сонсоод явна шүү дээ.

- Таны уран санд ээжийн тухай дуу олон юмаа...

- Тийм ээ. Би аав ээжийн, нутаг усны тухай дуу их дуулсан байна. Хайрын харин их цөөхөн юм билээ. Ээжийн тухай тав, зургаан дуу бий шүү. Ээж маань одоо хөдөөнөөс ирж миний тоглолтыг үзнэ. Ёстой дуулах гэж байгаа надаас илүү л хоног тоож хүлээж байгаа даа, миний ээж. Ээжийнхээ урд ээжийн тухай дуунуудаа дуулж, анхны тоглолтоо хийх гэж байгаадаа их баярлаж байгаа. Бас их сандарч байна аа.

- Та саяхан Улсын заан Л.Энхсаруулын цолны мялаалга наадамд тайзан дээрээс цолыг нь дуудсан байна билээ. Бөхийн цол дуудаж эхэлсэн түүхээсээ яривал... 

- Би үндэсний бөхийн цоллооч засуул хийдэг юм. Одоо гурав дахь жилдээ засуул хийж байна. 2024 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болоход анх цол дуудсан юм. Цамбын Бадарч нь миний өвөө аав юм. Энэ барилдаанд би анх цол дуудаж байлаа. Миний хувьд ч их сайхан байсан, бусад засуул бөхийн хүрээнийхэнд ч бас их таалагдсан юм шиг байгаа юм. Тэгээд ирж ажиллаж, засуул болох уу гэсэн санал тавьсан юм. Би бол бөхтэйгөө ойр байж, үзэх дуртай хүн чинь уухайн тас зөвшөөрөөд л ажиллаж эхэлсэн дээ. Өнөө жилийн Үндэсний их баяр наадамдаа анх удаа бөхийн цол дуудах завшаан тохиосон юм. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол улсын арслан Цэдэвийн Содномдоржийн цолыг дуудаж, хийморьтой наадлаа. Тэр цэнгэлдэх дүүрэн наадамчин олон монголчуудын шуугиан, бөхчүүдийн эд хав, сүр хүчийг бадраах гэж бид нар зогсож байгаа тул үгээр хэлэмгүй сайхан юм билээ. Дараа дараа их олон удаа Үндэсний их баяр наадмаараа цол дуудах байх.

Уртын дуучин Л.Эрдэнэболд

- Танай нутаг ч ёстой бөхийн орон шүү... 

- Нутгаас минь олон сайхан бөх төрсөн. Би бас Архангай аймгийнхаа Бөхбилэгт дэвжээний дууг дуулсан юм. Энэ дуу маань Арын сайхан хангай нутгийн маань бөхөд хайртай, дуунд дуртай түмэн олонд минь таалагдаж тэдний маань сонсох дуртай, дуулах дуртай бүтээлүүдийн нэг болсонд их баяртай байдаг.

- Одоо болох гэж анхны бие даасан тоглолтын талаар ярилцъя. Бэлтгэл ажил ямархуу явцтай байна? 

- Олон жил урлагт зүтгэж хэд гурван дуу дууллаа. Тэднээс маань үзэгч олон таашаан сонсож байна. Дуучин хүн жил бүр л тоглолт хийхийг мөрөөдөж байдаг шүү дээ. Сайхан мэргэжил эзэмшсэнээ хүмүүст тайлагнахыг битүүхэндээ бүгд бодож л явдаг. Энэ сайхан хийморьтой морь жилд анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо өргөн барихаар бэлтгэл ажил маань дуусах тун дөхөж байна даа. 

- Одоо болох гэж анхны бие даасан тоглолтын онцлог, сонин содон зүйл нь юу байна?

- Тоглолтын онцлог гэвэл, би өөрөө уртын дуучин хүн учраас тоглолтон дээр маань уртын, ардын, нийтийн гээд бүх төрлийн дуу дуулна. Мөн хүндэлж биширч явдаг олон сайхан уран бүтээлчдээ тоглолтондоо урьж оролцуулж байгаа. Тоглолтын маань найруулагчаар миний СУИС-ийн оюутан ангийн найз Э.Дашням найз маань оролцож байгаа. Бас Арынхангайдаа монголын байтугай дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг авчирдаг болсон том бүтээн байгуулалтыг хийсэн продюсер, хөтлөгч, жүжигчин Э.Цолмонбаяр ах маань миний тоглолтыг дэмжиж ажиллаж байгаа, бас хөтөлнө.

- Ярилцлагынхаа төгсгөлд уншигч, сонсогч олондоо хандаж хэлэх үг бий юу?

- Анхны бие даасан тоглолтондоо олон сайхан гэнэтийн бэлэг задлах болно. Монгол бөхийн өргөөнд аравдугаар сарын 23-ны өдөр болох “Шаргалхан намар” уран бүтээлийн анхны бие даасан тоглолтондоо уншигч олон та бүхнийг урин залъя.

Уртын дуучин Л.Эрдэнэболд

- Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө