Казахстаны Астана хотод болж буй сонгомол барилдаан, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чуулган боллоо. Энэ удаагийн чуулганаар ерөнхийлөгчийн сонгууль болж, Сербийн Ненад Лалович ялалт байгууллаа.
Тэрбээр 68 насандаа дахин зургаан жил дэлхийн бөхийн холбоог удирдахаар болжээ. Одоогийн тэргүүн Ненад Лаловичтэй өрсөлдөх хүн гараагүй тул тэрээр 140 гишүүний 100 хувийн саналаар дахин сонгогдлоо. Мөн чуулганы үеэр дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль болж, Марокко, Гватемал, Канад, Хорват, Казахстаны төлөөлөл багтсан байна. Харин БНХАУ-ын Юу Жан энэ удаагийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.