Шатахууны шуурхай штабын хүрээн АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир болон ААН-ийн төлөөллүүд мэдээлэл өглөө.
Б.Мөнхтамир "Бензингүй болно гэсэн ойлголт байхгүй. ШТС-ууд түгээлтээ хийж байна. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн хомсдолтой холбоотойгоор дараалал буурахгүй байна. Өчигдрийн байдлаар уржигдартай харьцуулахад дараалал бага зэрэг буурч байгаа нь харагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагч нарт дараалалгүй шатахуун олгож буйтай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх хуурамчаар үйлдэх асуудал гарах болсон. Энэ асуудалд хяналт тавьж, ШТС-ын ажилчид шатахуун олгохдоо И-Монголиа системээс үнэмлэхийг нь шалгаж байгаа.
Өчигдөр "Тэс Петролиум" компанийн түгээгч шатахуун авч байсан иргэнтэй зодолдож буй бичлэг цахимаар цацагдсан. Энэ нь нэг жилийн өмнөх бичлэг юм. Ард иргэд бухимдалтай байгаа ийм үед санаатай болон зохион байгуулалттайгаар нийгмийг өдөөн турхирсан үйлдэл хийхээ зогсоох хэрэгтэй.
Арваннэгдүгээр сарын 20-оос хойш БНСУ-аас ирэх хоёр жилийн хугацаанд тогтмол шатахуун нийлүүлэх гэрээ хийхээр ажиллаж байна. АҮЭБЯ-наас БНСУ-ын талтай хоёр улсын Ерөнхийлөгчийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ингээд БНСУ, БНХАУ-уудаас тогтмол шатахуун аваад эхлээд хамгийн түрүүнд тавьж байгаа зорилго бол нөөцийг бүрдүүлэх. Өнгөрсөн амралтын өдрүүд шиг нэг, хоёр хоногийн төлөвлөгөөт засварын ажил ОХУ-ын төмөр зам дээр хийгдэхэд иймэрхүү нөхцөл байдал үүсдэггүй байх хэмжээнд орох нь нэн яаралтай байгаа.