АНУ-ын өгсөн мэдээллийн дагуу Оросын албаныхан террорист халдлага төлөвлөж байсан өсвөр насны залууг баривчилжээ

АНУ-ын өгсөн мэдээллийн дагуу Оросын албаныхан террорист халдлага төлөвлөж байсан өсвөр насны залууг баривчилжээ

Москва хотын томоохон музейнүүдийн нэгэнд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж болзошгүй сэжигтнийг АНУ-аас өгсөн мэдээллийн дагуу баривчилснаа Оросын аюулаас хамгаалах алба (ФСБ) Ням гарагт мэдээлжээ.

ФСБ-ийн мэдээлснээр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас өгсөн мэдээлэлд үндэслэн Оросын иргэн, насанд хүрээгүй этгээдийг баривчилсан байна. Тус байгууллага "АНУ-ын талаас өгсөн мэдээлэлд талархаж буйгаа" илэрхийлжээ. Бямба гарагт гаргасан аюулгүй байдлын сэрэмжлүүлэгтээ Москва дахь АНУ-ын элчин сайдын яам "Царицыно" музей-цогцолборт "олон хүний ​​амь нас хохирох эрсдэлтэй, бодитой аюул заналхийлэл" байгаа талаар дурдсан байв. Оросын төв хэвлэлүүд уг сэрэмжлүүлгийн дараа тус газарт болох ёстой байсан хэд хэдэн арга хэмжээг цуцалж, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан талаар мэдээлсэн юм.

Сэжигтэн этгээд TikTok сүлжээнд тактикийн хувцас өмсөж, "автомат зэвсэгтэй төстэй зүйл" барьсан зургаа нийтэлсэн байжээ. Мөн тэрбээр "Царицыно" музей-цогцолборт авсан зургуудаа "Би нэг газар олчихлоо" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байв. ФСБ-ийн мэдээлснээр уг өсвөр насны хүү Телеграмын неонацист сувгийг дагадаг байсан бөгөөд "өмнө нь гарч байсан террорист халдлага, олон хүний ​​амь насыг хөнөөсөн хэргүүд болон бусад хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийн талаар мэдээллийг олон удаа хайж байсан" нь тогтоогджээ. Түүнчлэн сэжигтний гэрээс хийн буу олдсон байна. АНУ бусад улс орнуудтай аюулгүй байдлын талаарх сэрэмжлүүлэг, мэдээллээ хуваалцах нь түгээмэл үзэгдэл юм. Тухайлбал АНУ-ын төрийн департамент "сэрэмжлүүлэх үүрэг" (duty to warn) хүлээдэг бөгөөд гадаадад оршин суугаа АНУ-ын иргэдэд учирч болзошгүй аюул заналхийллийн талаар мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ АНУ-ын засаг захиргаа "Оросын холбогдох байгууллагуудтай хамтран аюулаас хамгаалах арга хэмжээ авч ажиллаж байна" гэж бичсэн байв. Гэхдээ Оросын тал АНУ-аас өгсөн сэрэмжлүүлгийг үргэлж талархан хүлээж авдаггүй. Тухайлбал 2024 оны гуравдугаар сард, Жо Байдены засаг захиргаа Москва хотод томоохон террорист халдлага гарах гэж байгааг анхааруулж байсан. Тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг үл ойшоож, “өдөөн хатгалга” хэмээн нэрлэж байжээ. Гэвч хэдхэн өдрийн дараа Москвагийн Крокус концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдаж, 140 гаруй хүний амийг хөнөөсөн юм. Уг халдлагыг Исламын Улс террорист байгууллага үйлдсэнээ хүлээж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд буюу 2017 онд Санкт-Петербург хотын Казанийн цогчин дуганд террорист халдлага хийхээр төлөвлөж байгаа талаар анхааруулга өгөхөд Путин өөр хариу үйлдэл үзүүлж байлаа. Тэрбээр сэжигтнүүдийг олж, саатуулах хангалттай боломж олгосон энэ мэдээллийн төлөө Трампад биечлэн талархал илэрхийлж байжээ.