Англид Хэллоуины үдэшлэгийн үеэр өсвөр насны таван хүүхэд хутгалуулжээ

Англид Хэллоуины үдэшлэгийн үеэр өсвөр насны таван хүүхэд хутгалуулжээ

Английн Хэмпшир гүнлэгийн Чандлерс Форд хотод Хэллоуины үдэшлэгийн үеэр өсвөр насны таван хүүхэд хутгалуулсан хэрэг гарчээ.

Хэрэг 2026 оны 10 дугаар сарын 31-ний бямба гарагийн шөнө 22:30 цагийн орчимд Парк Роуд гудамжинд байрлах нэгэн хувийн сууцанд гарсан бөгөөд үдэшлэг болж байх үеэр Хэллоуины багт хувцас өмссөн үл таних хэсэг бүлэг залуус хашаа давж урилгагүйгээр дайран орж, хүүхдүүд рүү хутга барин халдсан байна. Халдлагын улмаас 16-17 насны таван эрэгтэй хүүхэд хүнд бэртэж, Саутхэмптоны ерөнхий эмнэлэгт (Southampton General Hospital) хүргэгдсэн бөгөөд хэргийн газарт агаарын түргэн тусламжийн нисдэг тэрэг дайчлагдан ажиллажээ.

Английн хамгийн тайван, аюулгүй бүс нутгуудын нэгд тооцогддог тус хотод гарсан энэхүү ноцтой хэргийн дараа цагдаагийн байгууллагаас Парк Роуд болон Вэлли Роуд гудамжуудыг бүрэн хааж, хэргийн газрын нарийвчилсан шинжилгээг хийж байгаа ч одоогоор хэрэгт холбогдуулан ямар нэгэн баривчилгаа хийгээгүй байна. Ахлах мөрдөгч Элизабет Пиригээр ахлуулсан мөрдөх баг сэжигтнүүдийг олж тогтоохоор тухайн бүсийн оршин суугчдын хяналтын камер, гар утасны бичлэг болон үүдний цахим хонхны (doorbell) дүрс бичлэгүүдийг шалгаж эхэлсэн бөгөөд орон нутгийн парламентын гишүүн Лиз Жарвис хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, иргэдийг батлагдаагүй мэдээлэл цахим орчинд тараахгүй байхыг уриалсан байна.