УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.11.02/ ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэж, шийдвэр гаргахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногийн /2026.10.26/ бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээллийг сонсжээ. Энэ үеэр УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу Дэд хорооноос гаргасан зөвлөмжийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Засгийн газар иргэдээс ирүүлсэн саналын дагуу Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудыг буцаахаар болсон байна. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ. Ингэхдээ малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж зэрэг зайлшгүй шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танахаар болсон талаар мэдээлсэн юм.