Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулаан арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод болно.
Тэрбээр энэ удаад Тажикистаны боксчин Мухаммад Якубовтой хоёрдугаар хөнгөн жингийн буюу 58.97 кг-ын жинд 10 үеийн турш тулалдахаар товложээ. Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа бөгөөд зургаан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай. Харин түүний өрсөлдөгч М.Якубов 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй байна. Сонирхуулахад, хоёр тамирчин өнгөрсөн хавар мөн хоорондоо тулалдахаар товлоод байсан ч М.Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас тулаан хойшилж байжээ.
Харин Э.Цэндбаатар энэ удаагийн тулаандаа алтлаг шар чимэглэл бүхий хар хамбан хантааз шорттой гарах аж. Түүний тулааны хувцсыг TG брэнд урласан байна.