"10 саяыг шилжүүлсэн" гэх асуудалд холбогдсон М.Онон хуулийн байгууллагад хандсан бол З.М гэх иргэн нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа нэгэн аж

"10 саяыг шилжүүлсэн" гэх асуудалд холбогдсон М.Онон хуулийн байгууллагад хандсан бол З.М гэх иргэн нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа нэгэн аж

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд “Монголын төмөр зам”-ын дарга 10 сая төгрөг шилжүүлсэн" гэх агуулга бүхий ёс суртахуунгүй бичлэг цацагдсан. Улмаар тухайн бичлэгт гарсан "10 сая төгрөг шилжүүлсэн" дарга нь “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон байсан гэх таамаг бүхий мэдээлэл гарах болсон юм. 

Харин үүнтэй холбоотойгоор "Монголын төмөр зам" болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Төмөр замын газар"-аас тус тус мэдэгдэл гаргаж, "Байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдсан, худал мэдээлэл тул цагдаа, тагнуулын байгууллагад хандаж, шалгуулах болно" гэдгээ мэдэгдээд буй. 

Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК-иас "Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад компанийн нэр хүндэд халдаж, Монголын төмөр замчдын хийсэн бүтээн байгуулалтыг илтэд үгүйсгэсэн, компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан төмөр замын тээврийн үйл ажиллагааг алдагдуулахад нөлөөлөх зорилготой, зохион байгуулалттай ноцтой үйлдэл" хэмээн тодотгосон.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төмөр замын газар”-аас "Уг бичлэгт дурдсан үйл явдал Төмөр замын газрын удирдлага, албан хаагчид болон байгууллагын үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Энэ нь бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл юм. Энэхүү худал мэдээлэл нь байгууллагын удирдлагын нэр төрд халдахад зогсохгүй, салбарт шударгаар хөдөлмөрлөж буй 20 мянга гаруй ажилтны хөдөлмөр, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд уг бичлэгийг бэлтгэж, түгээсэн этгээд болон мэдээллийн эх сурвалжийг тогтоолгох, хуульд заасан хариуцлага тооцуулахыг хүсэж хууль, хяналтын байгууллагад хандаж байна" гэдгээ мэдэгдсэн юм. 

Тэгвэл "10 сая төгрөг шилжүүлсэн" гэх бичлэгт дүрс нь гарсан хэмээгдэж буй “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон нь дээрх асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргаж, уг хэргийг шалгуулахаар хандаад байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон нь албаны болон өөрийн нэр хүндэд нь зориуд халдаж байна хэмээн үзэж, уг асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа гэх мэдээлэл байна. 

Нөгөөтээгүүр, “Монголын төмөр зам”-ын дарга 10 сая төгрөг шилжүүлсэн" гэх агуулга бүхий ёс суртахуунгүй бичлэг цацсан З.М гэх эмэгтэй нь хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэгэн аж.

Тодруулбал, З.М гэх эмэгтэй нь хар тамхи,  мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд тус хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дээрх дүрс бичлэгийг хийж цацсан байж магадгүй гэх мэдээлэл байна. 

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.