Нийслэлийн иргэд энэ оны зургаадугаар сараас эхлэн гарааш, дулаан зогсоол ашигласны татвар төлж эхэлсэн. Гэвч уг татвар хэрэгжиж эхэлсэн даруйдаа иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү аравдугаар сарын 6-нд E-Zasag.mn цахим системд “Гараашны татвар цуцлуулах” нэртэй өргөдөл санаачилжээ. Тус өргөдөлд 20 хоногийн хугацаанд 101,097 иргэн гарын үсэг зурж, дэмжсэн байна. Энэхүү өргөдлийг өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралд албан ёсоор гардуулан өгчээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Иргэдийн саналыг хүндэтгэж байна. Ялангуяа манайх шиг өвөлдөө хүйтэрдэг улсад үр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхийн тулд машинаа дулаан байлгах зайлшгүй шаардлагатай. Тиймээс өрхийн хэрэглээний нэг дулаан гараашийг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Сангийн сайдад Татварын тухай хуульд 100 мянган иргэний саналыг тусгаж, хуулийн төслийг боловсруулах чиглэл өгч байна" гэлээ.